Жилд 80-100 мянга орчим тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай
- 2019-02-27
- Улаанбаатар
- 0
Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл явуулдаг “Хотын түлш” ХХК, “Ширээтийн хурд” ХХК-иудын үйл ажиллагаатай танилцсан. Тус бүр 20 гаруй ажилтантай эдгээр үйлдвэрүүд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой байгуулсан стандартын шаардлагад нийцсэн түлш бэлтгэх гэрээний дагуу үйлвэрлэлээ явуулж, иргэдэд шахмал түлшээ нийлүүлээд эхэлсэн байна.
“Хотын түлш” ХХК-ийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны өрхүүдэд 1500 орчим тонн шахмал түлш үйлвэрлэн нийлүүлсэн бол “Ширээтийн хурд” ХХК 4000 орчим тонн шахмал түлшийг иргэдэд нийлүүлжээ. Одоогоор ямар нэгэн гомдол санал аль алинд нь гараагүй, үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа талаар компанийн удирдлагууд хэлсэн. Харин Налайх дүүргээс Сонгинохайрхан, Хан-Уул зэрэг дүүрэгт түлшээ хүргэхэд тээвэрлэлтийн зардал өндөр гарч байгааг хэлсэн юм. Уг тээвэрлэлтийн зардлыг түлш нийлүүлэх үнэд оруулдаггүй байна. Дээрх хоёр компани “Тавантолгой түлш” ХХК-тай адил нэг тонн түлшийг 150 мянган төгрөгөөр нийлүүлдэг байна. Тэд жилд 80-100 мянга орчим тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Үйлдвэрлэсэн түлш нь дулаанаа 8-10 цаг барьдаг гэлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд “Мегавүүд” ХХК-ийн нэвтрүүлж буй хэд хэдэн шинэ технологийн үйл явцтай танилцлаа. Утааг бууруулж, цэвэр ус, хөрсний бохирдол, хог хаягдал, түлш шатахуун, хөрсний үржил шимийн доройтол, цөлжилт гээд асуудлаа шийдэхэд дан ганц төр зүтгээд үр дүнгүй болох нь өнгөрсөн олон жилийн хугацаанд харагдлаа. Тиймээс хувийн хэвшлүүдийн судлаад нэвтрүүлж буй шинэ технологи, санал санаачилгуудыг төрөөс дэмжиж хамтран ажиллах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт уулзалтын эхэнд хэллээ.
Ахуйн хог хаягдал, цэвэрлэх байгууламжийн лагийг эцсийн бүтээгдэхүүн болгоно
Эдгээр асуудлыг нэг дор шийдэх цогц шийдэл бүхий технологийн тоног төхөөрөмжийг Монголчууд бүтээж чаджээ. Тодруулбал, “Мегавүүд” компани Монголын төдийгүй дэлхийн анхаарах асуудал болоод байгаа хөрсний бохирдол үүсгэдэг ахуйн хог, бохирын лаг зэргээс Ахуйн бохирдлыг боловсруулан ашиглах технологи (АББАТ) төхөөрөмжийн тусламжтайгаар цэвэр газ, шингэн кокс, замын хавтан гарган авч байна.
Уг төхөөрөмж нь нүүрс, мод, цаас, уут, сав, хуванцар, резин, яс, хоолны үлдэгдэл, өтгөн ялгадас, бүх төрлийн даавуун болон арьс ширэн эд зүйлс гэх мэт төмөр, шил, барилгын хог хаягдлаас бусдыг боловсруулж, шатдаг хий, шингэн кокс, эцсийн үлдэгдэл үнс шороо зэргээр нь авто замын хавтан гаргаж авах боломжтой. 500 айлын дулааныг бүрэн хангаж, ахуйн хог, гэр хорооллын бохирын асуудал болон гудамжны шороон замыг бүрэн шийднэ. Мөн нийслэлчүүдийн өөр нэг толгойн өвчин болсон Төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан бохирын лагийг бүгдийг боловсруулж, газ гарган авах боломжтой төхөөрөмж юм байна. Өөрөөр хэлбэл, монголчууд бид өтгөн ялгадас бохир, хог хаягдлаа ашиглаад эцсийн бүтээгдэхүүн болгож, ажилтай орлоготой, цэвэр цэмцгэр, ая тухтай амьдрах боломжтой гэсэн үг. Энэхүү ид шидтэй төхөөрөмж нь тус хамт олны найман жилийн хөдөлмөр аж. Тэд олон жилийн турш судалсан төхөөрөмжөө энэ жил бодит болгож, шинэ үйлдвэрийн дулаанаа хангах ажлаа эхлүүлсэн байна. Тус үйлдвэрийг дулаацуулах талбай нь 800 айлын дайтай том юм.
“Мегавүүд” компанийн захирал Ц.Ариунбат уг технологио олон жилийн судалгаа, туршилтийн дүнд гарган авч одоо олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Мөн тэрбээр уг технологио олон улсын оюуны өмчийн бүртгэлд хэдийнэ бүртгүүлсэн ажээ.
Тэрбээр, “Улаанбаатар хотод жилд дундажаар 1,2 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд үүний зөвхөн 700 мянган тонныг нь дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд асуудлаа хангалттай шийднэ. Хог үнэ цэнэтэй болно. Энэ төхөөрөмж Улаанбаатар хотын хэмжээнд 400 ширхэг байхад болно. Ингээд ярихаар хүмүүс итгэхгүй талтай байдаг учраас эхлээд олон улсын хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.” гэв.
Нийслэл дэх гэр хорооллын айл өрхүүд яндангүй байшинд амьдрахыг боломжийг Мегавүүдийн байшин олгох юм байна. Тухайн байшин нь нар болон цахилгаанаар халдгаас гадна бохирын болон сантехникийн бүрэн шийдэлтэй. Дулаанд зарцуулах цахилгааны төлбөр сард 10-20 мянган төгрөг болох тооцоо гарч байгаа юм байна. Байшингийн гадна талд цонхны хоёр талд нарны дулааны үүсгүүр байрлана. Өвөл, зуны улиралд халуун дулаанаа өөрөө зохицуулах боломжтой аж. Тухайн байшингийн том өрөө нь гал тогоотойгоо цуг байх шийдэлтэй. Үүний дээр унтлагын өрөө, угаалгын өрөөтэй. Зурагтын тавиур, ширээ, гал тогоо, ор, шкаф гээд бүгдийг байшингийн үнэд багтах аж. Нийт 36 төрлийн том жижиг байшин үйлдвэрлэнэ. Утаа гаргахгүй 45 мкв тохилог амины орон сууцыг урьдчилсан байдлаар 30 сая төгрөгөөр худалдахаар төлөвлөж байгаа юм байна. Энэхүү яндангүй, эко байшинг бүтээхэд шаардагдах бүх эд ангийг “Мегавүүд” үйлдвэр шинээр баригдаж буй модон эдлэлийн цогц үйлдвэртээ монгол залуусын гараар бүтээх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)