Ардчилсан орон болгохыг хүслээ
- 2012-03-16
- Дэлхий
- 0
Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао Үндэсний ардын конгрессийн бага хуралд Ерөнхий сайдын хувиар сүүлийн удаа оролцож үг хэлжээ.

Албан тушаалаа хүлээлгэн өгөхөд маш бага хугацаа үлдсэн гэдгийг тэрбээр энэ үеэр битүүхэн дурдаж захиасаа захив. Тэрбээр олон зүйл дурдсаны дотор улстөрийн шинэчлэл явуулахыг хүссэн мэдэгдэл хийсэн нь барууны сэтгүүлчдийн ан хаар лыг эрхгүй татаж байна.
Хэрвээ ноён Вэнийн хүссэнээр манай урд хөршид улстөрийн шинэчлэл явагдаад эхэлбэл тус улс ардчилсан орон болох нь гарцаагүй аж. В.Зябао “Хятадад дан ганц эдийн засгийн шинэчлэл хэрэггүй. Улстөрийн шинэчлэл ч бас шаардлагатай байна. Улстөрийн шинэчлэл ойрын хугацаанд явуулах хэрэгтэй” гэж мэдэгджээ. Ерөнхий сайд улстөрийн бүтцийг үндсээр нь өөрчлөхийг хүссэн энэхүү мэдэгдэлдээ “Засгийн газар, намын удирдлагын тогтолцоог шинэчлэх цаг нь болсон.
Хэрвээ ойрын хугацаанд улстөрийн шинэчлэл хийхгүй бол соёлын хувьсгал гарч магадгүй. Түүхийн эмгэнэлт явдал дахин гараасай гэж хүсэхгүй байна” гэжээ. Тус улсад засгийн эрхийг нэг нам аваад удаж байгаа билээ. Түүнийхээр Хятад Улс улстөрийн шинэчлэл хийлгүйгээр бүрэн утгаараа хөгжиж чадахгүй гэнэ. Вэнь Зябао цааш нь “Нийгэмд олон асуудал урган гарч ирж байна.
Эдгээрийг шийдэхийг тулд улстөрийн шинэчлэл хийх хэрэгтэй” гээд энэ оны эдийн засгийн өсөлт өнгөрөгч оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлттэй гарсныг улстөрийн шинэчлэлтэй холбон тайлбарлав. Тэрбээр АНУ, Таиваньтай харилцах харилцаа, худалдааны хаалттай байдал эдийн засгийн өсөлтөд тээг болж байгаа гэжээ.
Түүний хэлснээр Хятад Улс өөрчлөлт, шинэчлэл явуулснаар гадаадын орнуудтай харилцах харилцаа илүү нээлттэй болж, эдийн засаг асар хурдацтай өсөх боломжтой байгаа аж. Тэрбээр энэхүү мэдэгдлээ бага хурал өндөрлөсний дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)