Дахин нэг цэргийн алба хаагч золгүй байдлаар нас барлаа
- 2019-03-05
- Нийгэм
- 2

Хоёрдугаар сарын 28-нд дахин нэг цэрэг амиа алдсан хэрэг гарчээ. Ийнхүү он гарсаар цэрэг нас барсан гурав дахь тохиолдол гарлаа. Эх сурвалжийн хэлж буйгаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн пүрэв гарагт элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан байна. Энэ ослыг ихэд нууцалж, Тээврийн цагдаагийн албанд мэдэгдээгүй, зөвхөн Зэвсэгт хүчний техникийн албаныханд мэдэгдсэн аж. Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад, "310 дугаар ангид ахлах ахлагч нас барсан хэрэг гарсан нь үнэн. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Осол Налайхын элсний карьер орчимд болсон бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа О.Баянжаргал талийгаачтай хамт “Найман шарга” амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явц, байдалтай танилцахаар очсон гэнэ. ЗХЖШ-ын дарга асан, өдгөө Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй, дэслэгч генерал Д.Даваагийн хаус нь газрын цэвдгээс болж доош суусан бөгөөд 310 дугаар ангийнхан засаж буй гэх мэдээлэл бий.
Мөн тухайн осол гаргасан машин нь гадуур ажиллах хуваарьгүй байсан сурагтай. Ингэж явахдаа элсний карьер орчимд 310 дугаар ангийн, Хүрэлхүү жолоочтой “Зил-130” машин эвдэрсэнтэй таарч, туслахаар ангийн захирагч Баянжаргалыг өгсөн чиглэлийн дагуу талийгаач үлдсэн аж. Г машины дугуйнд ивээс хийж байтал гэнэт хөдөлснөөс дайрч амийг нь хохироосон аж. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Баянжаргал ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга болохоор нэр нь яригдаж байсан гэдэг. Зэвсэгт хүчний “Найман шарга” амралтын орчимд өнгөрсөн жил 014 дүгээр ангийнхнаар бариулсан дээрх хоёр давхар 10 сууцны есөд нь ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтан генералууд орж, нэгэд нь Налайх дүүргийн Засаг дарга орж буй гэх мэдээлэл бий.
М.Хулан

Сэтгэгдэл (2)
Zochin (202.9.43.202)
Nalaihin zasag darga gej shunalin tulam
zochin (66.181.165.171)
ene odoo arai dendene ee .