Хотын дарга иргэдээ ”Дэлхийн төгсгөл”-д бэлтэж эхлэв
- 2012-03-16
- Дэлхий
- 0
Латин Америк тивд эрт цагт амьдарч байсан Майя омгийн цаг тооны бичигт 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхийн төгсгөл болно гэж дурдсан байдаг.

Латин Америк тивд эрт цагт амьдарч байсан Майя омгийн цаг тооны бичигт 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхийн төгсгөл болно гэж дурдсан байдаг. Энэ зөгнөл дэлхий нийтийг хэсэгтээ л шуугиулсан. Харин олон орны эрдэмтэн үүнийг үгүйсгэснээр намжсан билээ. Гэсэн ч Латин Америкийн хамгийн өндөр хөгжсөн эртний омгийн зөгнөлд тус тивийн иргэд одоо ч гэсэн итгэсээр байгаа бололтой. Саяхан Бразилийн өмнө зүгийн Сан-Франциско де Паула хотын дарга Десиу Колла хотын иргэдийг дэлхийн төгсгөлд бэлдэхийг сануулж, кампанит ажил эхлүүлжээ. Далайн төвшнөөс дээш 907 метрийн өндөрт оршдог уг хотын дарга “Би майячуудын од эрхсийн талаархи зурхайг судалсан. Далайн түвшин нэмэгдэх юм уу асар том цунамигаас болж хот үерт автаж болзошгүй” гэж хэлжээ. Тэрбээр хотын иргэдийг аюулгүй орогнох байр бэлдэж түүндээ давс, будаа, буурцаг, цэвэр усыг боломжийнхоо хэрээр нөөцлөхийг үүрэг болгоод би хэдийнэ орогнох байр бэлдсэн түүндээ гурван сар амьдрахад хүрэлцэх хоол, хүнс нөөцөлсөн гэжээ. Майячууд нь МЭӨ 900-250 жилийн өмнө хөгжлийнхөө оргилд хүрсэн, од гаригийн хөдлөлийн талаар асар их мэдлэгтэй, түүнийгээ хөдөө аж ахуйд өргөн хэрэглэдэг хүчирхэг омог байжээ. Уг омог Мексик, Гватемал, Гондурас зэрэг өнөөгийн Латин Америкийн олон орны газар нутагт нутагладаг байжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)