Германы шинэ ерөнхийлөгч сонгогдлоо

 Герман Улсын Холбооны ассамблей өнгөрөгч ням гаригт Зүүн Германы хүний эрхийн идэвхтэн асан Иоахим Гаукийг Ерөнхийлөгчөөр сонгожээ.
 Герман Улсын Холбооны ассамблей өнгөрөгч ням гаригт Зүүн Германы хүний эрхийн идэвхтэн асан Иоахим Гаукийг Ерөнхийлөгчөөр сонгожээ. Ардчиллыг дэмжигч, Лютерийн сургаалийн номлогч түүнийг Холбооны ассамблейн 1232 төлөөлөгчийн 991 нь Гаукийн төлөө саналаа өгсөн байна.
Өөрөөр хэлбэл парламентад суудалтай зургаан намын тав нь /түүний дотор эрх баригч эвслийн тэргүүн Канцлер Ангела Меркель/ түүнийг дэмжсэн байна. Түүний нэр цэвэр байдал санал хураалтын эхний шатанд үнэмлэхүй ялалт байгуулах гол шалтгаан болсон аж. Учир нь тус улсын Ерөнхийлөгч Кристиан Вульф авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь илэрч, олон нийтийн шахалтын улмаас өнгөрөгч сарын 17-нд албан тушаалаасаа огцорч байсан юм.
Кристиан Вульфыг 2008 онд Доод Саксон мужийн амбан захирагчаар ажиллаж байхдаа их хэмжээний авлига авсан гэх мэдээлэл тус улсын хамгийн олон уншигчтай “Bild” сонинд өнгөрөгч арванхоёрдугаар сард нийтлэгдсэн.
Ерөнхийлөгч үүнийг үгүйсгэн сонинтой “дайн” зарласан ч эцэст нь ялагдсан нь энэ юм. Өдгөө 72 настай тэрбээр ямар нэгэн намд харьяалагддаггүй бөгөөд өнгөрөгч 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Христийн ардчилсан холбоо намаас нэр дэвшигч Кристиан Вульфт 625:494 харьцаагаар ялагдаж байжээ. К.Вульфыг Канцлер, Христийн ардчилсан холбоо намын тэргүүн Ангела Меркель дэмжиж байсан нь ялалтад хүргэсэн. Энэ удаад А.Меркель ноён Гаукийг дэмжсэн нь эвслийн Засгийн газарт түүний дэмжлэг хэрэгтэй учраас гэж ажиглагчид мэдэгдэв. Хатагтай Меркель түүнийг “Ардчиллын жинхэнэ багш” гэж онцолжээ.
И.Гаук 1989 онд Берлиний ханыг нурснаас хойш Зүүн Германы коммунист дэглэмийг эсэргүүцсэн энх тайвнаар эсэргүүцлээ илэрхийлэгч хөдөлгөөний нэртэй гишүүн байсан. 1990 онд хоёр Германыг нэгдсэний дараа дотоодын тагнуулын газар “Стаси”-гийн тэргүүнээр томилогдон ажиллахдаа зөв бодлого хэрэгжүүлсэн гэж үнэлэгддэг байна.
Үүнээс гадна намын гишүүн бус байдал нь түүнийг олон намын дэмжлэг авахад нөлөөлжээ. Ерөнхийлөгчид гурван нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд Зүүнтэн намаас нэр дэвшигч 73 настай сэтгүүлч Беате Кларсфельд 126 санал авсан бол Үндэсний ардчилсан намаас нэр дэвшигч Олаф Росе гуравхан санал авчээ. Санал хураалтын өдөр 108 хууль тогтоогч эзгүй байсан байна.
Шинэ Ерөнхийлөгч ирэх баасан гаригт тангаргаа өргөх бөгөөд Дэлхийн II дайн өндөрлөснөөс хойшхи Герман Улсын 11 дэх Ерөнхийлөгч болох юм. Тэрбээр ХБНГУ-ын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхийлөгч болж байгаа юм. Түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалын нэр хүндийг өсгөнө гэдэгт улстөрийн намууд ихээхэн найдлага хүлээлгэж байна.
Учир нь түүний өмнөх хоёр Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө таагүй асуудлын улмаас албан тушаалаасаа огцорч байсан.

Э.ТӨГСЖАРГАЛ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)