Францад онц байдал зарлалаа
- 2012-03-21
- Дэлхий
- 0
Францын Ерөнхийлөгч Николя Саркози сургуулийн хүүхдүүдийг хөнөөсөн хэрэг
гарсны дараа улсдаа хамгийн дээд төвшний онц байдал зарлалаа.

Тус улсын баруун өмнө зүгийн Тулуза хот дахь Еврейн сургуулийн үүдэнд үл таних этгээд нэг багш гурван хүүхдийг буудан хөнөөжээ.
Өнгөрөгч даваа гаригт гарсан уг хэргийн хохирогч багш 30 настай эрэгтэй. Амь үрэгдсэн гурав, зургаан настай хоёр хүүхэд тэр багшийнх ажээ. Харин амь үрэгдсэн нөгөө хүүхэд нь тус сургуулийн захирлын 10 настай охин байжээ.
Гэмт этгээд даваа гаригийн өглөө эцэг эх, хүүхдүүд, багш нар сургуулийнхаа үүдэнд цугладаг хөдөлгөөн ихтэй цагийг сонгон тэнд цугласан хүмүүсээс хамгийн олон хүн бөөгнөрсөн нэг хэсгийг сонгон гал нээжээ. Энэ үеэр 17 настай нэг хүү хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна.
Гэрчүүдийн мэдээлснээр гэмт этгээд “Ямаха” корпорацийн үйлдвэрлэдэг Т-Макс загварын моторт скутер дугуй хөлөглөсөн байж. Зэвсэглэсэн этгээд гал нээснийхээ дараа юу ч болоогүй юм шиг дугуйгаа унан хүүхдүүдийн дунд орон алга болсон гэнэ.
Үүнээс өмнө буюу энэ сарын 11, 15-нд гарсан хэрэгт уг этгээдийг албаныхан сэжиглэж байна. Учир нь гэмт этгээд мөн адил скутер дугуй хөлөглөсөн байсныг гэрчүүд баталжээ. Мөн хэргийн газраас олдсон сумны хонгионууд таарч байгаа гэнэ.
Гэмт этгээд есөн мм-ийн гар буу, 11.43 мм-ийн калибр буугаар зэвсэглэсэн бөгөөд энэ сарын 11-нд уг хотод нэг цэрэг, 15-нд уг хотоос хойд зүгт 50 орчим километрийн зайд орших Монтобан хотод хоёр цэргийн аминд хүрчээ. Албаныхан энэ хэргийн дараа цэргүүдийг энгийн үед дүрэмт хувцасгүй явахыг үүрэгдээд байсан юм.
Харин гэмт этгээдийг хүүхдийн аминд хүрсний дараа тус улсын Ерөнхийлөгч хамгийн дээд төвшний онц байдал зарлаж, олон зуун цэрэг, цагдааг улсынхаа өнцөг булан бүрт илгээн аюулгүй байдлыг өндөржүүлж, алуурчныг нэн даруй илрүүлэн баривчлахыг холбогдох яам, газруудад үүрэг болгосон байна.
Цэрэг, цагдаа нар хөдөлгөөн ихтэй газруудад хамгаалалтад гарч зарим газрын орох, гарах хаалган дээр хүмүүсийн биеийн байцаалтыг үзэж байгаа аж.
Тэднээс гадна энгийн хувцастай цэрэг, цагдаа нар эргүүл хийж байгаа бөгөөд ялангуяа Еврейн сургуулиудыг илүү хамгаалалтад авсан байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)