А.Лукашенко өрнөдийнхнийг ховлохоор Москвад иржээ
- 2012-03-21
- Дэлхий
- 0
Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко барууны орнуудаас ирэх дарамт
нэмэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын эрх баригчдаас дэмжлэг авахаар Москвад
айлчилж байна. Тэрбээр өнгөрөгч даваа гаригт тус улсад газарджээ.

Барууны орнууд Александр Лукашенког төрийн эрхийг ардчилсан бус аргаар олон жил эзэгнэж байгааг буруушаан шинэчлэл явуулахыг шаарддаг бөгөөд түүнийг “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээн хочилдог юм. А.Лукашенко өнгөрөгч онд Минск хотын метронд бөмбөг дэлбэлсэн хэрэгт холбоотой болох нь тогтоогдсон хоёр хүнд цаазын ял оноох шийдвэр гаргасан юм. Харин цаазын ялыг халсан өрнөдийн орнууд Лукашенког хурцаар шүүмжилж, хориг арга хэмжээгээ чангаруулахыг анхааруулсан.
Олон улсын хүний эрхийн байгууллага халдлага үйлдэгчдэд оноосон цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар солихыг А.Лукашенкогоос хүссэн байна. Харин А.Лукашенко тус байгууллагын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, халдлага үйлдэгчдэд өршөөл үзүүлэхгүй гэсэн юм. Халдлага үйлдэгчид Ерөнхийлөгч А.Лукашенког эсэргүүцэн өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 11-нд болсон нийслэл хотын хамгийн их хүн цугладаг метроны буудалд бөмбөг дэлбэлсэн.
Үүний улмаас 15 хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархаджээ.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)