Монгол эмэгтэйчүүд Английн парламентад чуулав
- 2012-03-21
- Дэлхий
- 0
Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо (ЕМЭХХ)-ноос Дэлхийн энхтайвны холбоо, түүний дэргэдэх Британи дахь эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран Английн парламентын Лордуудын танхимд эмэгтэйчүүдийн тэгш эрх, охидын асуудлаар чуулган зохион байгууллаа.

Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо (ЕМЭХХ)-ноос Дэлхийн энхтайвны холбоо, түүний дэргэдэх Британи дахь эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран Английн парламентын Лордуудын танхимд эмэгтэйчүүдийн тэгш эрх, охидын асуудлаар чуулган зохион байгууллаа. Чуулганы нээлтэд ЕМЭХХ-ны тэргүүн, Лондон дахь Монголбанкны төлөөлөгчийн газрын захирал Д.Энхжаргал Монгол эмэгтэйчүүдээ төлөөлж анх удаа Их Британийн парламентын энэхүү нэр хүндтэй танхимд үг хэлэх боломж олгосонд талархал илэрхийлээд, эмэгтэйчүүдийг хүчирхэг болгоход чиглүүлсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан нь түүхэн үйл явдал болсныг онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр монгол эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний улстөр, нийгмийн амьдралд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар дуу хоолойгоо нэгтгэж байгаадаа тун баяртай байгааг илэрхийлсэн. Үүний сацуу тус холбооноос монгол охидыг умайн хүзүүн хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулах ажилд хөрөнгө хандив цуглуулах, европ, англи, монгол эмэгтэйчүүдийн хооронд бизнес холбоо сүлжээг бий болгон хөгжүүлэхэд тусалж дэмжих, ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллахыг санал дэвшүүлэв. Түүнчлэн Монгол Улсад эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар олон хууль дүрэм, хөтөлбөр гарч, түүнийг хэрэгжүүлэх дэд бүтэц, байгууллагууд бий болсон нь сайшаалтай хэдий ч эмэгтэйчүүд өөрсдөө хүчирхэг болон хөгжих нь илүү чухал тул олон нийтийн байгууллагууд энэ чиглэлд ажиллах шаардлагатай. Тиймээс ч Европт байгуулагдсан монгол эмэгтэйчүүдийн байгууллага энэ чиглэлээр ажилладаг юм гэж хэлжээ.
Чуулганд оролцсон төлөөлөгчид залуу охидуудыг ирээдүйн сайн ээж болгон хүмүүжүүлэх, тэднийг багаас нь өөртөө итгэх итгэлтэй, үр хүүхэд болон нийгэмдээ үлгэр дууриал болж чадах чадварыг зөв тавьж өгөх шаардлагатай байгаа талаар санал солилцов. Мөн үр хүүхдээ асран хүмүүжүүлэхэд асар үүрэг гүйцэтгэдэг эгэл жирийн, сайхан монгол ээжүүдийг олонд алдаршуулан магтаж, тэднээс залуу эхчүүд суралцахад туслах зорилготой цахим хуудас ажиллуулах талаар санаачилсныг мэдээлсэн аж. Энэхүү байгууллагаас “Бизнест монгол эмэгтэйчүүд” гэсэн танилцах аяллыг Лондонд энэ хавар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)