Манайхаас мах гуйж магадгүй
- 2012-03-21
- Дэлхий
- 0
ОХУ Европын холбооны орнуудаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоо зогсоолоо.

ОХУ Европын холбооны орнуудаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоо зогсоолоо. Тус улсын Засгийн газраас өчигдөр буюу мягмар гаригт гаргасан мэдэгдэлд Европт мал, амьтны гаралтай үхлийн аюулт хоёр төрлийн вирус тархсаны улмаас дээрх хоригийг авах болсон гэж дурдсан байна. Тус улс Европын холбооны бүх гишүүн орноос мах импортлохоо зогсоосон бөгөөд энэ нь түр зуурынх гэдгийг онцолжээ. Гэхдээ Европт тархсан үхлийн аюултай вирусыг хэр хурдан дарахаас хамаарч хоригийн хугацаа сунгагдаж магадгүй гэнэ. Оросын малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавигч Россельхознадзор байгууллагын мэдээлснээр Европт Шмалленбергийн вирус, хөх хэл өвчин тархжээ. Үүний улмаас үхэр, хонь зэрэг тэжээвэр амьтнаас гадна гахайны махны импортыг зогсоосон байна. Дээрх өвчин амьд болон нядалсан амьтны махнаас хоёулангаас нь илэрчээ. Европын холбооны орнууд уг хоёр өвчний тархалтыг зогсоож, өвчний вирусыг устгах эрдэмтдийн багийг томилжээ. Хөх хэл өвчин нь амьтны хэл хөх өнгөтэй болж илэрдэг байна. Өвчин хорхой шавьжнаас мал амьтанд халддаг бөгөөд аюултай өвчинд тооцогддог. Харин Шмалленбергийн вирус мал, амьтанд түр зуур халуурах, гүйлгэж шингэн алдах болон нас бие гүйцсэн эм амьтны сүүний гарц муудах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Шмалленбергийн вирус өвчин 2011 оны наймдугаар сард Германд анх удаа бүртгэгдэж байсан бөгөөд түүнээс хойш Европын нэлээд хэдэн оронд тархжээ. ОХУ Европын олон орноос мах, махан бүтээгдэхүүн импортлохоо зогсоосноос тус улсад махны хомсдол үүсч, үнэ нэмэгдэж эхлээд байгаа аж. Үүнээс улбаалан тус улс Ази тэр дундаа хөрш манайхаас мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хүсч магадгүй юм.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)