Мах экспортлогч ААН-үүд их хэмжээгээр мах нөөцөлсөн нь тогтоогджээ

Махны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, худалдааны төвүүдэд махны үнэ тэнгэрт хадсан энэ үед мах экспортлогч ААН-үүд их хэмжээгээр мах нөөцөлсөн байгааг шалгалтаар тогтоолоо.

Тагнуулын ерөнхий газар болон МХЕГ-аас Эмээлтэд байрлах мах экспортлогч ААН-дэд гэнэтийн шалгалт хийхэд их хэмжээний мах хурааж, нөөцөлсөн байжээ. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай Саян-уул гэх мах импортлогч ААН зоориндоо их хэмжээний мах хурааж нөөцөлсөн байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрөлгүй ч их хэмжээгээр мах нөөцөлсөн ААН-үүд шалгалтаар илэрчээ. Манай улсад 69 ААН мах экспортлох албан ёсны эрхтэй бөгөөд албаныхан дээрх ААН-дийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Үхрийн цул мах 16.500 мянга, хониных 10 мянга давсан үнэтэй байна. Харин мах импортлогч ААН-үүд ийнхүү махыг их хэмжээгээр нөөцөлсөн байгаа нь махны нийлүүлэлтийг тасалдуулж, үнийг хөөрөгдөх нэг шалтгаан байж болзошгүй гэдгийг албаныхан хэллээ.  

Мөн иргэдийн дунд Хятадууд махыг ченжүүдээс их хэмжээгээр худалдан авч махны бизнесийг гартаа оруулах замаар үнийг хөөрөгдөж байгаа гэх яриа гараад байгаа юм. Харин ХХААХҮЯ-ын сайд Ч.Улаан хэлэхдээ одоогоор гадны иргэд махыг их хэмжээгээр худалдан авч үнийг хөөрөгдсөн зүйл тогтоогдоогүй гэж мэдэгджээ.

Махны нийлүүлэлт, үнийн асуудалтай холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар махны экспортод улчирлын чанартай квот тогтоох асуудлын мөн хэлэлцэхээр болсон байна.

 

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)