УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авав
- 2019-05-25
- Улс төр
- 0

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулав.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, А.Ундраа, Д.Цогтбаатар нараас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тус Байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, хууль, тогтоолын төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөний дагуу сургуулийн дэргэдэх туслах аж ахуй нь ашгийн төлөө бус байх, хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжтай холбоотой зохицуулалтыг сонголттой болгох, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар Засгийн газарт даалгах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг Бага, дунд боловсролын тухай хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Бага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлснийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, А.Сүхбат, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авлаа. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Тогтохсүрэн төслийн талаар нягтлан хэлэлцэх шаардлагатай тул Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдэв.
Хууль, тогтоолын төслүүдийг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Тсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Батнасан хийсэн юм.
Тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй тодруулга хийх, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ. Иймд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 38 гишүүний 29 нь буюу 76.3 хувь нь дэмжив. Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 73.7 хувь нь дэмжнээр хууль, тогтоол батлагдав.
Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа.
Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд 1998 оноос хойш импортоор оруулж ирсэн дизель түлшид төлөх онцгой албан татвараас чөлөөлж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд энэ татварт төлсөн 98.3 тэрбум төгрөгийг илүү төлөлтөөр бүртгэх асуудлыг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж шийдвэрлэсэн байна. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно” гэсний дагуу дээрх төслийг боловсруулан, анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо хийсэн байна. Төслийг анхны хэлэлцүүлэгээр батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Төсвийн байнгын хорооны уг танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь төслийг батлахыг дэмжснээр Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)