Мэдэгдэл хүргүүлэх тухай

Юуны өмнө Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлэхийн ялдамд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг нь эдийн засаг,нийгмийн хөгжлийн үзүүлэлт,иргэдийн сэтгэл ханамж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт зэрэг ажлын үр дүнгээрээ Монгол улсын шилдэг аймаг хэмээх нэр хүндтэй шагналыг Засгийн газраас хүлээн авсан баяртай мэдээг хуваалцъя.

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр Дархан-Уул аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, тэр дундаа Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд хэрэгжиж байгаа “Хүүхэд залуучуудын соёл, амралтын цогцолбор” төслийн ажлыг илтэд буруутгах, мушгин гуйвуулах өнгө аяс бүхий, ор үндэслэлгүй, худал мэдээ, мэдээллийг зориудаар тарааж олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхийг зорьсон оролдлого удаа дараа гарах боллоо.

Тухайлбал, IKON.mn цахим хуудаст 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нийтлэгдсэн Дархан-Уул аймгийн Хүүхдийн паркийн 15 га газарт казино, зочид буудал барих гэж байна” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд ...Тус аймгийн паркийн 44.5 га газрын 23.4 га-г орон нутгийн удирдлагууд бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргаж эхэлжээ.Түүнээс гадна паркийн 15 га газарт казино, зочид буудал, үйлчилгээний газар, хороолол бүхий “Darkhan PMP” төсөл явж байгаа талаар иргэнээс мэдээлэл ирсэн байна. Энэ төслийн зураг төсөл нь бэлэн болчихсон бөгөөд судалж үзэхэд БНСУ-ын Сөүл хотод байрлалтай, маш өндөр үнээр ажил гүйцэтгэдэг зураг төслийн компаниар хийлгэсэн нь нотлогджээ... гэх мэтээр худал мэдээ, мэдээлэл тарааж байгааг Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас илтэд хууль бус, ташаа мэдээлэл юм гэж үзэж буруушааж байна.

Тухайн мэдээлэлд дурдагдсан Сөүл хотод байрлалтай гэх БНСУ-ын компанитай гэрээ байгуулж барилга байгууламжийн зураг төслийн ажлыг орон нутгийн зүгээс хийлгээгүй болохыг үүгээр хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдэж байна.

Монгол Улсад казино байгуулах хууль эрх зүйн үндэслэл ч байхгүй гэдгийг дээрх худал мэдээллийг хийсэн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар тусгай хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, бүтээн байгуулалт хийхийг хориглосон байдаг.

Иймд аймгийн ИТХ-ын тогтоолоор "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай хамгаалалтын бүсийн хилийн заагт зөвхөн өөрчлөлт оруулсан бөгөөд одоогоор ямар нэгэн иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр огт гаргаагүй болно.

Харин дээрх төслийн хүрээнд хүүхдийн тоглоом суурилуулах ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эхлүүлсэн боловч Дархан-Уул аймгийн Ардчилсан намын зүгээс хүүхэд багачуудад зориулсан хөрөнгө оруулалтын ажлыг эрс эсэргүүцэж, улс төржсөн буруу ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа цацаж иргэд олон нийтийг төөрөгдүүлсээр өнөөдрийг хүрч байна.

Энэхүү улс төржсөн хариуцлагагүй үйлдлийг төслийг хамтран хэрэгжүүлэгч компанийн зүгээс “өөрийн бизнесийн нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” гэж үзэж гэрээгээ цуцалж, улмаар төслийн үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдээд байна.

Энэ бүх улс төржилт, хий хоосон хардалт, иргэдийг төөрөлдүүлэх зорилгоор зориуд захиалгаар хийж буй үйлдлийн улмаас төслийн ажил зогсонги байдалд орж, шинээр суурилуулж буй тоглоомуудын угсралтын ажил удааширснаар удахгүй тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Дарханы маань хүүхэд багачууд тэсэн ядан хүлээж байсан шинэ тоглоомууд дээрээ тоглох боломжгүй болсонд орон нутгийн удирдлагуудын зүгээс уучлалт гуйж байна.

Дашрамд мэдээлэхэд, тус паркад үйл ажиллагааны менежмент, хөрөнгө оруулалт хийх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг дахин зарласан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт сонгон шалгаруулалтын нээлт болох тул хүүхэд, багачуудын төлөө хөрөнгө оруулалт хийх замаар орон нутагтайгаа хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжийг өргөнөөр оролцохыг хичээнгүйлэн урьж байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр илтэд мушгин гуйвуулсан мэдээ мэдээлэл түгээж бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулсан этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу учруулсан гэм хороо арилгах үүрэгтэй.

Иймд нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандахаа үүгээр мэдэгдэж байна.

 

МЭДЭГДЭЛ ГАРГАСАН:

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.227.178)

    2019-05-27

    нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандана гэнэ үү? энэ шүүх сэргээж өгч чёадх уу? сэргээд байхаар нэр хүнд байна уу? бод бод