Цэвэрлэх байгууламжийн үнэр ихэссэн нь лаг халдваргүйжүүлж байгаатай холбоотой гэв

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатарт лагийн үнэр үнэртэж иргэдийн тав тух, амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй энэ үнэр лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажил эхэлсэнтэй холбоотойгоор гарч байгаа гэдгийг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.  

БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат, “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх ажлын хүрээнд хуримтлагдсан картны лагийг машин механизм ашиглан задалж эхэлсэн. Дээрээс нь салхины чиг, хурд нөлөөлж байгаа учраас үнэр гарч Улаанбаатар хотын төв рүү орж байна. Аль болох бид үнэр гарахгүй байхаар арга хэмжээ авч ажиллана. Мөн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Лагийг халдваргүйжүүлэх ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн юм. Өнгөрсөн онд 183  мянга тонн гаруй түүхий лагийг халдваргүйжүүлсэн байна. Одоогоор 700 гаруй мянган куб лаг халдваргүйжүүлэх хэрэгтэй байгаа.

Халдваргүйжүүлэх ажил хоёр үе шаттай явж байгаа аж. Нэгдүгээрт, энэ сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл хуримтлагдсан лагийг халдваргүйжүүлэх бол хоёрдугаар шат нь долоодугаар сарын 15-наас эхлэх юм. Ингэснээр аравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн хуучин цэвэрлэх байгууламж дахь лагийг бүрэн халдваргүйжүүлж дуусгахаар болно.

Нийт 44 карт байдаг. Өнгөрсөн онд 19 картыг халдваргүйжүүлэх ажлыг хийсэн энэ онд үлдсэн картыг халдваргүйжүүлэх ёстой. Одоогийн байдлаар дөрвөн картан дээр ажиллаж байна. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажилаж байгаа"  гэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)