Герман улсын буцалтгүй тусламжаар 47 сая еврогийн санхүүжилт хийгдэнэ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл -ийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн зээлийн гэрээний төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл-1”-ийн хэлэлцээр болон Санхүүжилтийн гэрээг 2013 оны 11 сарын 13-ны өдөр байгуулан хэрэгжүүлж эхэлсэн бол “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл-II”-ийн Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Санхүүжилтийн гэрээг 2018 оны 06 сарын 22-ны өдөр байгуулжээ. Гурван үе шаттай хэрэгжүүлэх уг төслийн санхүүжилтийн нийт хэмжээ нь 47.55 сая евро бөгөөд үүнээс ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар төслийн эхний шатанд 11.5 сая еврогийн санхүүжилт хийсэн бол 2 дугаар шатанд 19.5 сая евро, 3 дугаар шатанд 8 сая еврогийн санхүүжилт хийхээр тохиролцсон байна.

2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг төслийн эхний шат 2020 онд хэрэгжиж дуусах бол төслийн 2, 3 дугаар үе шатыг 2019-2026 онд хамтад нь хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ. Төслийг байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН), түүний орчмын бүс нутагт хэрэгжүүлж байгаа бөгөөд 2019-2020 онд дэд төслийн хүрээнд ТХГН-т мэдээллийн төв, хамгаалалтын захиргааны болон байгаль хамгаалагчийн байр зэрэг нийт 53 барилгын угсралтын ажлыг дуусгах; Хустайн хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагч, судлаачдын ажиллаж, амьдрах байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх; ТХГН-ийн хамгаалалтын захиргаадад хяналт, мониторингийн тоног төхөөрөмж, цасны мотоцикл, завь зэрэг тээврийн хэрэгсэл нийлүүлэх; байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийг холбооны хэрэгслээр хангах, суурилуулах; ТХГН-ийн орчны бүсийн сумдад эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг нийлүүлэх болон сургуулийн эко кабинтерүүдийг тохижуулах зэрэг хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ.

Харин  төслийн 2, 3 дугаар үе шатны зорилго нь сонгогдсон ТХГН болон холбоос нутгуудын (орчны бүс болон экологийн коридор, кластер) тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэгдэж байгаа аж. Энэ үндсэн дээр төслийн 2 дугаар шатанд Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн 52 гаруй сумыг 4 кластер бүс нутагт хувааж уг төслийг хэрэгжүүлэх бол 3 дугаар шатанд Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 10 сумын нутаг дэвсгэрийг хамруулах юм байна. Төсөл хэрэгжсэнээр кластер зохион байгуулагдаж албан ёсоор баталгаажих, түүнд хамрагдсан ТХГН-уудын менежментийн төлөвлөгөөг боловсруулах, төлөвлөгөөнд тусгагдсан шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)