Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр Жим Ён Ким сонгогдоно

187 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн банкны өнөөгийн ерөнхийлөгч Роберт Зелликийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургадугаар сарын 30-нд дуусгавар болно.
187 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн банкны өнөөгийн ерөнхийлөгч Роберт Зелликийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургадугаар сарын 30-нд дуусгавар болно. Харин долдугаар сарын 1-нээс тус байгууллагыг удирдах дараагийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь тун эрт тодорхой болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хилари Клинтонг энэ албан тушаалд томилохыг хүссэн ч тэрбээр татгалзсанаар өөрийн хүнийг томилох Обамагийн хүсэл талаар болж байсан юм.
 Тэгвэл Б.Обама өөр нэг итгэлтэй хүнийг олсон бололтой. Тэрбээр Өмнөд Солонгост төрсөн АНУ-ын иргэн Жим Ён Кимийг Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр сонгохыг хүсчээ. Гэхдээ албан ёсны дүн гарах хараахан болоогүй байгаа юм. Ажиглагчдын үзэж буйгаар Дартмут коллежийн захирал Жим Ён Ким энэ албан тушаалд томилогдох нь тодорхой гэнэ.
Учир нь өмнөх ерөнхийлөгч Роберт Зелликийг Цагаан ордны тэргүүн асан Жорж Буш сонгон энэхүү албан тушаалд томилж байсан аж. АНУ-ын нийслэл хотод төвтэй тус байгууллагын ерөнхийлөгчдийг Цагаан ордны тэргүүнүүд сонгож ирсэн заншилтай. 1944 онд байгуулагдсан Дэлхийн банк өдгөө 11 дэх ерөнхийлөгчийнхөө нүүрийг үзэж байгаа бөгөөд тэд бүгд АНУ-ын иргэн юм. Ес дэх ерөнхийлөгч Жеймс Вулфенсон л зөвхөн Австралид төрсөн АНУ-ын иргэн байсан аж. Харин Жим Ён Ким АНУ-аас өөр оронд төрсөн хоёр дахь ерөнхийлөгч болох юм байна.
Б.Обама “Ким Дэлхийн банкыг удирдах хангалттай туршлагатай. Түүний туршлага бидэнд хэрэгтэй. Тиймээс л түүнийг сонгосон” гэж Кимийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр мэдэгдэв. Ким Ён Жим АНУ-ын Хановер хот дахь Дартмут коллежийн захирлаар 2009 оноос хойш сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өмнө нь дэлхийн ард түмний эрүүл мэндийн төлөө ажиллаж байсан хүндтэй нэгэн аж. Тэрбээр Харвардын анагаах ухааны сургуульд олон нийтийн эрүүл мэндийн чиглэлээр профессорын зэрэг хамгаалж, ДЭМБ-ийн ХДХВ/ДОХ-той тэмцэх салбарын даргаар ажиллаж байжээ. Б.Обамагийн сонголтыг Конгрессийн гишүүд дэмжжээ.
Одоо Дэлхийн банкны удирдах зөвлөлийн 25 орны төлөөлөгчдийн талаас илүү нь дэмжихэд хангалттай аж. Дэлхийн банкны ерөнхийлөгчид ноён Кимээс гадна Колумбын Сангийн сайд асан, НьюЙорк дахь Колумбын их сургуулийн профессор Хосе Антонио Окампо, Нигерийн Сангийн сайд Нгози ОконжоИвеала нар нэр дэвшчээ.
Эдгээр гурван нэр дэвшигчээс ганц Ким л АНУ-ын иргэн юм. Дэлхийн банк дөрөвдүгээр сарын сүүлээр Олон улсын валютын сантай хаврын уулзалт хийх бөгөөд энэ үеэр дээрх гурван эрхмээс ерөнхийлөгчөө сонгоно.
Дэлхийн II дайны дараа эдийн засгийг сэргээх зорилгоор байгуулагдсан Дэлхийн банк хүн амын талаас илүү хувь нь ядууралд автсан дэлхийн ядуурлыг бууруулах хамгийн хүчирхэг байгууллага билээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)