Сүхбаатарын талбайд элэгний шинжилгээ, оношлогоо хийнэ

"Дэлхийн хепатитийн өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар холбогдох албаныхан болон эмч, мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийв.

Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал  "Манай улс 2015 оноос эхлэн 15-аас дээш насны иргэдийнхээ дунд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэлсэн. Өнөөг хүртэлх хугацаанд элэгний В, С вирусийн шинжилгээнд эрүүл мэндийн даатгалтай 904,539 иргэн, эрүүл мэндийн даатгалгүй 40-50 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан байна. Мөн эмүүдийг хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн буюу "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Энэ нь ч үр дүнгээ өгч байгаа бөгөөд өнгөрсөн онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас элэгний өвчлөлтэй тэмцэж буй жишиг улсаар нэрлэгдсэн" хэмээн 

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тусламж үйлчилгээний газрын дарга Х.Сувд-Эрдэнэ "Иргэд элэгний В, С вирусийн илрүүлэх шинжилгээг харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй өгнө. Шаардлагатай тохиолдолд идэвхжил тогтоох шинжилгээг нэр бүхий лаборатриудад өгөх бөгөөд төлбөр нь эрүүл мэндийн даатгалаас төлөгдөнө. Харин эмчилгээний тухайд В вирусийн эсрэг худалдааны нэршлээр ялгаатай 10 төрлийн эмийг 40-60 хувь хөнгөлүүлж авах бол С вирусийн эсрэг долоон нэршлийн эмээс зургааг нь 100 хувь хөнгөлөлтэй үнээр авах боломжтой. Харвони эм нь харьцангуй үнэ өндөртэй тул тодорхой хувийг даатгалаар хөнгөлж байна" хэмээв.

 "Дэлхийн хепатитийн өдөр"-ийг энэ сарын сарын 28-нд болно. Энэ өдрийг угтан долоодугаар сарын 26-ны Баасан гарагт Д.Сүхбаатарын талбайд 11:00-16:00 цагт ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр элэгний В, С вирусийн шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)