“Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
- 2019-07-25
- Улс төр
- 0

Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм.
Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний гурван өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Шүүхийн эрх мэдлийг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой асуудлуудаар тус тус зохион байгуулсан.
Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр өнөөдөр (2019.07.25) 10 цагаас Төрийн ордонд эхэллээ.
Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, З.Нарантуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын бусад удирдлагууд, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 21 аймгаас 38, нийслэлийн 9 дүүргээс 16 оролцогч, түүнчлэн зарим сум, баг, хорооны төлөөллүүд, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс хэлэлцүүлгийг нээлтэд 120 гаруй нь хүрэлцэн ирээд байгааг хэлэлцүүлгийг даргалагч танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг тус тус танилцуулж байна. Дараа нь төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)