Үндсэн хуульд оруулсан “Дордохын долоон өөрчлөлт”-ийн тухайд
- 2019-07-27
- Нийтлэл
- 0

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн цуврал хэлэлцүүлэг ойрын өдрүүдэд улс орны хэмжээнд идэвхтэй явагдаж байна.
Хэдийгээр би хуульч биш, улс төрч бүр ч биш, жирийн цэргийн мэргэжлийн хүн боловч Үндсэн хуульд чухам яагаад нэмэлт өөрчлөлт оруулах ёстой, эсвэл ёсгүй тухайг Монгол Улсын иргэнийхээ хувьд сонирхож, чих тавьж, мэргэжлийн хуульч бусад хүмүүсийн ярьж бичиж байгаа зүйлээс монгол хүн бүрийн сонорт хүргэж тодорхой, нэгдсэн ойлголт өгмөөр зүйлээс тэмдэглэж авснаа үүгээр хүргэж байна.
УИХ 1999 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Үндсэн хуулийн цэц түүнийг хүчингүй болгосон боловч 2000 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын шинэ (өөр) бүрэлдэхүүн уг өөрчлөлтийг хэвээр нь баталсныг ард түмэн “Дордохын долоон өөрчлөлт” гэж нэрлэсэн нь учиртай ажээ. Тэрхүү 7 нэмэлт, өөрчлөлт нь АНУ-ынх шиг “Хүний эрх”-ийг баталгаажуулж, өргөтгөхөд чиглэгдээгүй, харин ч эсрэгээрээ, “дээдэс”-ийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэг буюу “Монгол улсын төрийн байгуулал” гэсэн бүлэгт оруулсан өөрчлөлтүүд юм байна. Үүнийг мэргэжлийн хүмүүс доорхи байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Нэг. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т: “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдлэнэ” гэж байсан заалтыг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана” гэж нэмэлт оруулжээ.
Үүнийг манай судлаачид “сайн заалт” гэдэг хэдий боловч, практик дээр тохиолддог асуудлыг шийдэхдээ Үндсэн хуульдаа гар хүрч байж шийддэг нь буруу гэж үздэг. Энэ нь Улсын Их Хурлын гишүүд, өөрийнхөө төлөөлж байгаа сонгогч олон түмнийхээ хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлж, итгэлийг нь баттай дааж чаддаг болсон тэр тохиолдолд, шаардлагатай бол “УИХ өөрөө тардаг” болно гэж үзэж байгаагийн ажээ.
Хоёр. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д: “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэж байсны “нууцаар” гэдэг үгийг “илээр” гэж өөрчилжээ.
Үүнд ард түмэн: “Илээр сонгодог болчихвол дарга болох гэж байгаа хүнээ нүдэн дээр нь хэн ч эсэргүүцэхгүй шүү дээ!” гэж бухимддаг. Зарим хэсэг нь бас “Ардчиллын суурь зарчмын нэг нь нууц санал хураалт байдаг” гэж эгдүүцдэг байна.
Түүнчлэн, Үндсэн хуулийн энэ хэсэгт “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно” гэсэн нэмэлт оруулсан байна. Үүнд ард түмэн бүр ч их дургүйцэх болсны учир нь нам, эвслээс 8 хүн бүрдэж байвал нэг бүлэг болох боломжтой, өөрөөр хэлбэл, энэ өөрчлөлтөөр авч үзвэл, ирээдүйд 9 намаас тус бүр 8-9 хүн сонгуульд ялчихвал УИХ-ын 76 гишүүн 9 хүртэл бүлэгт хуваагдана гэсэн үг юм. Үүнээс үзэхэд, УИХ маань 9 дэд даргатай болох нөхцөл ч бүрдэж болзошгүй юм. Үүнийг ард түмэн буруушааж, “дордлоо” гэж үзээд байгаа юм байна. Одоо тэр заалтыг өөрчилнө гэж байгаа боловч бас эргэлзээ төрүүлж, эргэн нягталж харууштай зүйл ч байгаа гэж мэргэжлийн зарим хуульч хэлж байна.
Гурав. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т: “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж байсны “75”-ыг “50” болгож өөрчилжээ.
Ард түмэн үүнийг “УИХ-ын гишүүнээр биднийг төлөөлж сонгогдчихоод хуралдаа суухаас цааргалж, чуулганы хугацааг багасгалаа” гэж халагладаг. Энэ нь үнэхээр тийм болсныг сүүлийн 20 жилийн сургамж гэрчилдэг. УИХ-ын чуулган нэг ч удаа хугацаандаа завсарлаж байгаагүй, эсвэл “сунгаж хуралддаг”, үгүй бол “ээлжит бус хуралдаан зарладаг” болсон.
Дөрөв. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д: “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж байсны “дийлэнх олонхи” гэдгийг “олонхи” гэж өөрчилсөн байна.
Энэ заалтаар авч үзэхэд, 76 гишүүний 50%+1 ирсэн бол хуралдаан хүчинтэй болох буюу 76:2=38, дээр нь 1-ийг нэмээд 38+1=39 болоход хурлын ирц бүрдлээ гэж үзнэ гэсэн үг юм. Ингээд, хуралдаанаас шийдвэр гаргахад 39:2=19.5 буюу 20 гишүүн байхад л болох нь. Энэ нь бүр ч дордуулсан хэрэг болжээ. Энэ байдлаас үзэхэд, УИХ-аас олигтой зөв шийдвэр гарах магадлал илт буурахаар байгаа учир ард олон дургүйцэхээс өөр яах билээ?
Тав. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д: “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж байсныг “Улсын Их хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчилжээ.
Ард түмэн үүнийг УИХ-ын гишүүд сайдын албан тушаалд санаархаж, “давхар дээл”-тэй боллоо хэмээн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг үл зөвшөөрч, Үндсэн хуулийн заалтыг дордууллаа гэж үзсэн.
“Давхар дээл” нь эрх мэдлийн тэнцвэрийг бүрэн алдагдуулж, УИХ Засгийн газарт хяналт тавих боломжийг хязгаарласан хэрэг болжээ.
1996 онд Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байх” заалт оруулсныг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон шийдвэр байдаг. Гэтэл дараа нь төдөлгүй, 1998 онд Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх” заалт дахин орсныг мөн л иргэний өргөдөл, гомдлоор Үндсэн хуулийн цэц хэлэлцэж хүчингүй болгосон байна. Ийнхүү Цэцийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байсаар байхад Үндсэн хуульд дахин дахин нэмэлт өөрчлөлтөд оруулж байгааг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгааг онолын хувьд ч, практик шийдлийн хувьд ч нэг тийш нь болгох шаардлагатай байгаа ажээ.
Зургаа. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т: “Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэж Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хамааруулсан заалт байсныг “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэж өөрчилсөн юм байна.
Энд, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр шийдэх ёстой гэж ард иргэд үздэг. Харин 5 хоногоос илүү хугацаагаар дахин дахин буцааж байсан тохиолдол практикт байсан нь тухайн хувь хүнээс нь шалтгаалж байсныг олон түмэн ялгаж салгаж ойлгож байгаа. Түүнчлэн энд анхаарал татсан нэг зүйл байгаөа нь, аль ч орны Үндсэн хуулийн эрх зүйн судлаач, мэргэжилтнүүд энэ заалтыг уншаад Монгол Улсыг парламентын Засаглалтай орон юм байна гэдгийг төвөггүй ойлгохын зэрэгцээ Ерөнхийлөгч нь улс төрийн намуудтай зөвшилцөж энэ асуудалд оролцдог юм байна гэж ойлгохоор болжээ.
Долоо. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т: “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж байсныг “Ерөнхий сайд уг асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” хэмээн өөрчилж нэмсэн ажээ.
“Зөвшилцөх” гэдгийг иргэд Үндсэн хуульд нэмэлт оруулж биш холбогдох бусад органик хуулиар, төрийн албаны ёс зүйн хүрээнд, ухаалгаар хандаж, удирдлагууд өөрсдөө шийдэх ёстой гэж үзэн энэ заалтыг “дордууллаа” гэж үзэж байна.
Ер нь хугацааны асуудлыг Үндсэн хуульд заах нь зохимжтой биш. Үүнийг онолын хувьд ч, практик дээр ч бид хүлээн зөвшөөрөх ёстой.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны зарчмуудад тулгуурлан шийдэхгүйгээр, зөвхөн улс төрчдийн хүсэл сонирхлоор шийдсэн тохиолдолд “дорддог” гэдгийг мэргэшсэн хуульчид сануулаад байгааг УИХ-ын эрхэм гишүүд минь анхааралдаа авч байгаа биз ээ!
Тэмдэглэсэн,
Цэргийн ухааны доктор (Ph.D) Монтойн ХҮРЛЭЭ

Сэтгэгдэл (0)