Цөмийн зэвсгийн эсрэг хамтран ажиллахыг уриаллаа

Цөмийн терроризмын аюулаас сэргийлэхэд чиглэсэн олон улсын дээд хэмжээний уулзалтыг угтаж хийсэн мэдэгдэлдээ Цагаан ордны тэргүүн Барак Обама Хойд Солонгос, Иран зэрэг улсад хандаж цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байхыг, хэлэлцээний ширээнээ сууж энхийг эрхэмлэх зоригтой байхыг уриаллаа.
Цөмийн терроризмын аюулаас сэргийлэхэд чиглэсэн олон улсын дээд хэмжээний уулзалтыг угтаж хийсэн мэдэгдэлдээ Цагаан ордны тэргүүн Барак Обама Хойд Солонгос, Иран зэрэг улсад хандаж цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байхыг, хэлэлцээний ширээнээ сууж энхийг эрхэмлэх зоригтой байхыг уриаллаа.
Сөүл хотод эхэлсэн уг уулзалтад 50 гаруй орны албаныхан оролцож байгаа бөгөөд АНУ-ын тэргүүн чуулганы үеэр БНХАУ, ОХУын төлөөлөгчидтэй тусгайлан уулзжээ. Б.Обама Кремлийн тэргүүн Дмитрий Медведевтэй уулзахдаа хоёр улсын харилцаа өмнө нь байгаагүй дээд төвшинд хүрсэн гээд илүү дээд хэмжээнд хөгжих боломжтойг онцолсон байна.
Тэрбээр уулзалтын өмнөхөн Ханкук их сургуульд оюутнуудтай уулзахдаа АНУ дэлхийн түүхэн дэх цөмийн зэвсэг ашигласан цорын ганц улсын хувьд дэлхий дахиныг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд оройлон оролцоно, үүнд Хятад, Оросын оролцоо нэн чухал гэсэн юм. Мөн саяхан Оросын төрийн тэргүүнээр сонгогдсон Владимир Путинтэй ирэх тавдугаар сард уулзахаа мэдэгдсэн байна. Тэрхүү уулзалтаар хоёр улсын цөмийн пуужингийн толгойг тус бүр 30 хүртэлх хувиар бууруулахад чиглэсэн 2010 оны Стратегийн зэвсгийг цөөлөх тухай гэрээг шинэчлэх болон Европ дахь Америкийн пуужин эсэргүүцэгчийн талаар талууд хэлэлцэх нь тодорхой юм.
Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч дээрх мэдэгдэлдээ В.Путинээс гадна Бээжингийн эрх баригчдыг цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг албан ёсоор урилаа. Тэгэхдээ Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг дурдаад Вашингтон Пхьеняны эсрэг дайсагнасан бодлого хэрэгжүүлдэггүй ч олон улсын хамтын ажиллагаа дутагдсанаас болж Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгалга ирвэл АНУ хариу барихаас өөр аргагүй хэмээн анхааруулсан байна.
Б.Обама Иранд хандаж мөн төстэй байр суурьтай буйгаа илэрхийлжээ. Сөүлд очсоныхоо дараахан Б.Обама Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Бактай уулзаж, Хойд Солонгосын зэвсэглэлээр хөөцөлдөх бодлогын талаар хамтарсан мэдэгдэл хийсэн юм.
Тус улсын эрх баригчид алсын тусгалтат пуужин туршиж, дэлхийн тойрог замд хиймэл дагуул байрлуулахаа мэдэгдээд байгаа. Ирэх сарын 12-16-ны хооронд болох тэрхүү туршилт Хойд Солонгосын мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ юм.

Г.ДУЛАМ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)