Андуурал

Монгол улс Үндсэн хуулиндаа:  Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,  хүний эрх, эрх чөлөө, шударга ѐс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,   төрт ѐс, түүх, соѐлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,  хүн төрөлхтний соѐл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,   эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна гэж дэлхий дахинаа зарласан билээ.

Гэвч өнгөрсөн хугацаанд олон зүйл андуурагдан өөр байдалд хүрлээ. Үндсэн хуулийн тунхаглалаас эхлэн  хэрхэн андуурлууд болж буйг зарим жишээгээр хэлье. Нотлох баримтууд сонин, хэвлэл, вебсайтууд, хуул хяналтын байгууллагын албан ёсны мэдээллүүдээр дүүрэн байгаа.

Үндсэн хуулийн тунхаглалд дурьдсан

  1. Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх эрхэм зорилго андуурагдаж байна. Улс төр, эдийн засаг, засаглалын хямрал монгол улсыг харийн хараат болгож, бие даасан бүрэн эрхт үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч байна. Улс төрийн тогтворгүй байдал нь харийн гүрнүүдийн тоглоом болоход хүргэж, үндэсний эрх ашиг сонирхлоо хамгаалахаа больсон улс төрчид гадаадын улс орон, компаниудад улсын нууцыг задруулах, ашигтай байдал үүсгэх, худалдагдах явдал газар авч хөрш улсуудаас эдийн засаг  маань үндсэндээ бүрэн хараат болчихлоо. Хараат эдийн засагтай улсад  бие даасан төрийн, улс төрийн бодлого, шийдэл гаргахад бэрх ээ. Хүнсний, үйлдвэрлэлийн, эдийн засгийн чухал салбаруудад харийнхан хяналтаа тогтоож байна гэж ярьцгаах. Хууль ёсыг дээдлэхээ больж харийн этгээдүүдэд эрх баригчид маань үйлчилдэг болсоныг хэрэг төвөг тарьсан, гадаадынханд үйлчилсэн улс төрчид, цагдаа, төрийн албан хаагчдын үйлдлийн олон баримтуудыг хэвлэл мэдээлээр гаргаж буй нь нотолно. Төр, түмний төлөө зүтгэх ёстой төрийн албан хаагчид маань түмний буянд гараа дүрэхээр төрд шургадаг болжээ. Төрийн эрх ашгаас илүүтэй хувийн сонирхлыг гүйцэлдүүлэх зорилготой этгээдүүдээс болж байгалийн баялаг, үнэт зүйлс, хэл соёлоо үрэн таран хийж өвгөдийн үлдээсэн буяныг барж байна.Эд баялаг, түүхий эд, өв соёл үнэтэй бүхэн маань цоорхой шанаганы адилаар хяналтгүй гадагш урсаж, үлдэх юмгүй болох цаг ойртсоор. Үүнтэй зэрэгцэн жалга довны үзэл, талцалаар эрх мэдэл, алба тушаал, эд хөрөнгийг хуваарилах болсон үзэгдэл нь улс орны бүрэн бүтэн байдлыг дордуулж, үндэсний эрх ашиг, сонирхол гэдэг эрхэм үзэл санааг үгүй хийж байна.

 

  1. хүний эрх, эрх чөлөө, шударга ѐс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх эрхэм зорилго хөсөр хаягдаж эрх мэдэлтэй хүн, олигархиуд харийнханд эдлэгдэх эрх мэт андууралд хүрлээ. Эх орондоо амар тайван ажиллаж хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөн, үүссэн шударга бус ёсонд дургүйцсэн монголчууд харийн оронд боолын хөдөлмөрт зүтгэж, дүрвэж байна. Үндэсний эв нэгдлээс илүү эдийн засгийн эв нэгдэлдээ үнэнч хүмүүс төрийг самарч өөрт ашигтай улс төрчдийг төрийн эрхэнд гарган, харийнханд ч үндэсний баялаг, эрх ашиг сонирхлоо худалдсан, барьцаанд тавьсаныг гадаад улсууд, гадаадын компаниудтай хийсэн хуудуутай гэрээ хэлцэл, тагнуул, улсын нууцыг задруулсан, худалдсан, өр зээл, авлигын хэргүүд батална. Эрдэмтэн мэргэд нь ч самуурч улс үндэстнээ хагалан бутаргах бодлого, хөтөлбөр гаргасныг монголчуудыг увс хүн, увс биш хүн гэж ялгаварлан боловсруулсан “Увс хүн-хөгжлийн хөтөч хөтөлбөр”-өөс эхлэн хулгайчдаа хуулийн аргаар хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мулталдаг хуулийн тогтолцоо ч илчилнэ. “Төрийн хүний хэлсэн үг” хэмээн төрөө хүндэлдэг монголчуудын эрхэм чанарыг “бандааш”, “оймс”, “пялдагууд”-ын яриагаар дордуулсан гутамшиг одоо “ёс зүй, шударга байдал хаана байна” гэж асуухад ард түмнийг хүргэлээ. “Төрийн уурга урт, хуйв уужим” гэж хаана байна вэ ..хэрэг хийсэн хойно нь хашгираад шүүгээд байхаас өмнө нь таслан зогсоож болдоггүй юм байх даа.
  2. төрт ѐс, түүх, соѐлынхоо уламжлалыг нандигнан өвлөх эрхэм зорилго түүх соёлын өвөө хулгайлан зарах, гадаадад гарган алдах/санамсартай санамсаргүйг тогтооход хэцүү/, төрийн ёс түүхээ мартаж андуурч байна. Өөрт буй хамгийн үнэ цэнэтэй зүйлсээ алдсан ч газар нутгаа алдалгүй тэмцсэн Модун шанью, байгаа ганц үнэтэй зүйл болох булган дээлээ тайлж өгч бутарсан улсаа цуглуулсан эзэн Чингисийнхээ түүхийг мартаж эд ашиг олж байвал юугаа ч өгөхөөс буцахгүй болсон эрхэм дээдсүүд андууралд орсон байна. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн гүн утга учиртай өвгөдийн үлдээсэн философийг хувьдаа байр, машин, компани, эд хөрөнгөтэй болчихвол төр засах эрх мэдэлд хүрэх боломжтой болсон /төрөөс хулгай хийх гэж/ мэт андуурдаг улс төрчдийн үгийг телевиз, хэвлэл мэдээллээс зөндөө харж болно. Зүй нь хүнийг бие, хэл, сэтгэлийн амьтан гэж үздэг бөгөөд төр түмний төлөө зүтгэх сэтгэл, үг хэлээр илрэх оюун санааны зүгшрэл, зүтгэж тэмцэх туршлагаар олсон биеийн төлөвшлийн тухай сургаалийг андуурсан жишээ энэ. Өв уламжлалаа нандигнан өвлөхийн оронд музейн үзмэрүүдийг харийнханд өвийн сан хөмрөг хадгалагч нь зарж, түүх соёлын өвийн олон бүтээлүүд хадгалалт хамгаалалтгүй муудаж, хил давуулан зарсан мэдээлэл гарсаар байна. Хожмын өдөр “..тэр ар монголд чинь монголын түүх соёлыг нотлох  юм юу ч байхгүй, энд л байна гэж...”  хэлүүлэн гадаадынханд үзүүлэн ашиг олж, итгүүлэн Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрэх бий дээ Монголчууд аа.  “Төр задарвал улс мөхөхийн шинж, охид задарвал үндэстэн мөхөхийн шинж” гэдэг дээ. Улс даяараа тэмбүүрчихлээ гэж төрийн сайд нь зарлан дэлхийн доог болж болж байна. Төрийн бүх хэргийг ил дэлгээд байдаггүй ээ. Заримыг нь төрийн нарийн бодлогоор далд шийдэж болдогсон доо. Харийн соёл мэдээлэл улс орны маань хэвлэл мэдээллийн салбар, залуусын оюун санааг эзлэн хүний соёл, итгэл үнэмшлийг дээдлэн үзсэнээс хоолонд урих нь гоё, хүндтэй  мэт болж харийн хоол, хувцас, соёл үндэсний эдийн засагт хүчтэй нөлөөлөх боллоо. Монголчууд хэзээнээс өлсөж ядарч яваагүй тул хоолонд урихыг бараг доромжлол мэт үздэг байсан. Хурим найранд урихтай андуурдаг болчихлоо. Төрийн бодлого шийдвэрийг нэг мөр ойлголгүй зөрж ярьдаг, зөрчиж замруулдаг, хутгаж төөрөгдүүлдэг төрийн түшээдийн зөрүүтэй яриа мэдээллүүдэд түмэн олон итгэхэд хэцүү боллоо.
  3. хүн төрөлхтний соѐл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх эрхэм зорилгоо очсон, айлчилсан улсдаа хулгай хийж, хуулийг нь зөрчиж “ёс зүйгүй байдал монголын ёс зүй байдаг” мэтээр ойлгуулж андуурчлаа. Гадаад улсад хулгай хийсэн, хар тамхийг дипломатчийн эрх мэдэл ашиглан зөөвөрлөсөн, гэмт хэрэг үйлдсэн явдал монголчуудын нэр хүндийг гутаахын зэрэгцээ олон улсын ёс зүйг үл хүндэтгэсэн хэрэг гэж үзэхээс өөр аргагүй. Хүний хийсэн бүтээсэн сайн сайхнаас хүндэтгэж сур гэсэн болохоос утга учиргүй хуулаад, хулгайлаад, залилаад бай гээгүй байлтай аа. Гадаадын эрдэмтэд судлаачдын хийсэн бүтээснээс  цаадах учир утгыг нь ойлголгүй хуулбарлан “нутагшуулж” улс орныхоо эрх ашигт заримдаа хор хүргэдэг харь сэтгэлгээтэй эрхтэн дархтнууд маань хожмын өдөр оюуны өмчийн хулгайн хэрэгт унах бий дээ. Хүн төрөлхтөний оюун санааны ундарга шимээс сурч хөгжсөн, бүтээлч сэтгэлгээ, эрдэм чадалтай мэргэд, мэргэжилтнүүдийнхээ бүтээсэн, бичсэнийг хувийн улс төрийн шоу, нэр төр олох хэрэгсэл болгож  ашигладаг улс төрчдийн зөв мэт андуурдаг болчихлоо.
  4. эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо араатанлаг, нам олигархиудын, анархи нийгэм бүрдүүлэх гэж андуурцгаагаад байна. Зохисгүй хөгжил маань монгол хүний мөн чанарыг алдагдуулж эд хөрөнгө, эрх ашгийн төлөө алалцахаас ч буцахгүй араатанлаг шинжтэй болгож,  иргэний төлөө биш нам, олигархиудын төлөө зүтгэдэг, хууль ёс, эрхэм зүйлгүй анархи улс болголоо монголыг минь. Эрдэм мэдлэг, арга туршлагаараа ажил алба тушаал ахидаг төрийн албаны мерит системийн тухай ярьдаг ч эзэн, ивээгчдээ үйлчилдэг патронаж системээр эрх мэдэлд хүрдэгийг олон дарга нарын жишээ харуулна.  Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгоо Эрээнд хөрөнгө оруулж, харийн улсыг дэмжиж байгуулах юм байна гэж андуурсан байж болох талтай. Төрийн хэрэгт түмний оролцоог бий болгох тухай тунхагладаг ч сонгох эрхийг нь худалдан авдаг, намын хөрөнгөтнүүдийн сонирхолд нийцүүлдэг, түмнээс далдуур улсын эрх ашгийг хохироосон үйлдлүүд илэрсээр байна. Харамсалтай нь буруу зөрүү хийгдсэн гэрээ хэлцлүүд нь олон улсын арбитрын шүүхэд очиход ялагдах магадлал нь өндөр.
  5. Азийн бар улс болгож хөгжүүлнэ гэж тунхагласан ч баар, буудал улс байгуулж андуурлаа. Одоогийн байдлаар Азийн бар байтугай дориухан муурын дайтай улс болж хөгжөөгүй байна. Улс орны хөгжлийн олон үзүүлэлтээрээ 1988 оны түвшиндээ ч хүрч чадахгүй байгаа билээ. Тухайн үед хөдөө аж ахуйн орон Монгол улс малынхаа амьсгалаас бүхнийг боловсруулж, гадаад улсад үр тариа экспортлон, дотоодын үйлдвэрлэлээрээ үндэснийхээ хэрэгцээг үндсэндээ хангадаг байсан билээ. Чанаржуулж, шинэчлэн өндийлгөсөн бол иргэдийнхээ эрэлт хэрэгцээ, дэлхий нийт, олон улсын стандарт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд нийлүүлчих  дориун муурын дайнд хүрэх байсан бизээ Монгол улсын эдийн засаг 1960-аад оны байдлаар хоёр Солонгосыг нийлүүлэх хэмжээний чадавхтай байсан гэж эдийн засагчид судлаачид бичсэн байдаг.
  6. Бодолгүй тэнэг үг, амлалтуудыг үнэн байх гэж андуурлаа. “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” “ Ард түмнээсээ зугтаахгүй” гэх мэтийн улс төрийн бодлоггүй үг хэл, бодлого, амлалтууд нь ард  түмний элэг доог болж хошин шог, фельетоны сэдэв болов. Ард түмнээ нохой мэт амьдруулж байлаа одоо л хөгжихөөс биш, төр түмний төлөө зүтгэж байгаагүй ээ одоо л зүтгэе гэж  доромжилж дооглож байгаа мэт уриа лозунг, сурталчилгаа нь төрийн хэрэг мэдэхгүй, улс төрийн бодлогогүй л хүний үг баймаар. Улсын эрх ашгаас илүүтэйгээр хувийн эрх ашгийн үүднээс популист амлалтаар эрх мэдэлд хүрсэн улс төрчдийн энэхүү амлалт, ажлуудыг улсын эрх ашгийг хохироосон, монгол улсыг сөнөөх диструктив тактик гэж үзүүштэй.
  7. Улсын төсвөөр улс төрчийн сонгуулийг бэлддэг гэж андуурлаа. Улсын төсвөөс гаргадаг УИХ-н гишүүдийн мөнгө гэх зүйлс нь улс төрчийн сонгуулийн шоуны хэрэгсэл болсон. Өөрийн сонгогдох тойрогт улсын төсвөөс ахиухан төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт хийх гишүүдийн улайралт нь төсвийг тарамдуулах, хөгжлийн томоохон төслүүдийг гацаах, дутаах үндэслэлүүдийн нэг болсон гэхэд хилсдэхгүй бөгөөд өөрөө бүтээсэн мэт шоудан хүүхдийн тоглоомын талбай, жорлонгийн бүтээн байгуулалтын нээлтийг ч байсан хийж байдаг инээдэмтэй үзэгдэл үүслээ. Үндэсний эрх ашиг сонирхлын төлөө зүтгэхээр сонгогдох УИХ-н гишүүдийг сонгуулийн тойрогтоо амлалтаа хэрхэн биелүүлснээр үнэлдэг болсон гаж тогтолцоо нь иймэрхүү өрөвдмөөр байдалд хүргээд байна.
  8. Төрөөрөө тоглохоор улс хөгждөг гэж андуурлаа. Сонгууль болгоноор төр засгийн шинэ бүтэц бүрдүүлэн төрийн бодлого, залгамж холбоо, ой санамжийг алдагдуулан шинэ тамга тэмдэг, албан бланк, байр сав, алба тушаал бий болгон үргүй зардал гарган, үй олноор нь халж солин, төрийн мэдээлэл өгөгдлүүдийг үр дүнгүй болгож ахин шинэ хүнээр анхнаас нь эхлүүлдэг гаж тогтолцоонд шилжлээ. Үүнийгээ улс орноо хөгжүүлэх шинэ алхам, шийдэлд хүрсэн мэтээр тайлбарлаж андуурдаг боллоо. Системийн онол ёсоор аливаа систем өөрт зохицсон эд эс элемент, чиг үүрэг бүхий тогтолцоотой байна. Систем үүргээ гүйцэтгэж дуусахаар түүний бүтэц тогтолцоо задран дараагийн шинэ эрэмбийн тогтолцоо үүсэх хүртэл хаос/эмх замбараагүй байдал үүсдэг. Системийн тогтвортой байдлыг хангахын тулд түүний эд эс элементүүдийн чиг үүрэг, уялдааны механизм тогтвортой байх ёстой гэж сургадаг билээ. Гэтэл төр засгийн бүтэц тогтолцоогоо байнга эвдэх, солих нь санаатай хэрэг үү, санамсаргүй хэрэг үү, эсвэл харийн явууллага уу.
  9. Монгол улсыг залдаг, хөгжүүлдэг нам, улс төрийн хүчин байдаг гэж андуурлаа. Намын талаар сайн тодорхойлолтыг  В.И.Ленин өгсөн гэж боддог юм. “Нам бол манай эрин үеийн оюун ухаан, нэр төр, нандин чанар мөн” гэж. Үүгээр бол намд улс орны хамгийн оюунлаг, ухаалаг сэхээрсэн нь нэгдэж, тэдний сэтгэсэн, хэлсэн, бүтээсэн нь нэр төрийн хэрэг байж түмний итгэлийг олох учир нандигнаж эрхэмлэх зүйл байх нь ээ. Энэ тодорхойлолтын мөн чанарт нийцэх нам, улс төрийн хүчин байна уу. Ингэж бодохоор манайд парламент бас бий юу. Намын шугамаар төрийн эрхэнд гарсан олон эрхмүүд маш олон гэмт хэрэг, үл бүтэх үйлдлийн эзэд болсоныг ард түмэн мэддэг болж итгэхээ болиод байна.
  10. Төрийн хэлний зөвлөл байдаг гэж андуурлаа. Улс орны бүрэн бүтэн байдлын нэг илрэл нь хэл соёлын нэгдмэл шинж билээ. Өнөөдөр гудамжаар дүүрэн алдаатай зар, харийн үг хэллэг, нэр томъёо, телевизийн мэдээлэлд нүд өвдөхөө больж монгол хэлний үгийн санг эзлэн түрэмгийлэх аюул үүслээ. Түүнд хяналт тавьж, засч залруулах шийдлүүд нь хэрэгждэггүй хууль, дүрэм журмаас хэтрэхгүй байна. Алдаатай сурах, баримт бичгүүд нь үндэсний хэл соёлоо сурах балчируудад эргэлзээ үүсгэн, сургах ахмадүүдыг хэлэх үггүй болголоо. “Тэр ...овогтой ...тэрний /зориуд нэрийг бичсэнгүй/...ирэгний үнэмлэх олж өгсөн хүнд өндөр шагналтай” гэх зар хүртэл явж байх. Ирэг бол мал, иргэн бол хүн юмсан.  Мөнгөнөөс өөр үнэтэй зүйл үгүй бизнесүүд “ Ленддий” /зээлдэе гэж буй бололтой/ гэх мэт хуурмаг, гоё сонсогдох харь үг хэллэг, нэр томъёо, ойлголтуудаар иргэдийг, улс орныхоо хэл соёлыг хорлоод л. Зарим этгээдүүд бүүр үсгийн сангаас зарим үсгүүдийг халж солих хүртэл санал дэвшүүлсэн. Олон хүний иргэний үнэмлэх, төрийн баримт бичгүүд, хөрөнгө санхүүгийн харилцааны асуудлуудыг ээдрээтэй байдалд оруулан эдийн засгийн алдагдалд оруулах эрсдэлтэй, хорлонтой санаа билээ. Алдаатай мэдээлэл гаргасан этгээдүүдэд тавьсан торгууль хураамжаас хяналт тавих хэдэн байцаагчид, иргэдэд өгөх урамшууллын асуудлыг шийдэн хэл соёлоо замруулах аюулаас сэргийлэх аргуудын нэгийг ч болсон ашиглаж болох доо.

     Энэ мэт жишээг улам өргөжүүлэн баримтжуулж бусад нийтлэлчид, иргэд дэлгэн тавих биз ээ.

Нийтлэлийг бичсэн Ц.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ds (64.119.21.93)

    2019-08-06

    zuv hamgiin gol n uursduu tailbarlaad mgl.r helj medehgui gadaad olon ner tomiyo heregleh bolson murtluu undesnii eh uv soyol gej hudlaa heneerheh uvchin manai tomchuudaas l garch bn , ene bugdiig zasch zalruulah nuguu tom erdemten merged bugd huuramch nuur tsarai gargaad bgaa n mash ih egduutei bn shuu!