Ж.Камерон далайн хамгийн гүнд хүрэв
- 2012-03-27
- Дэлхий
- 0
Кино урлагт олон дээд амжилт тогтоосон “Титаник”, “Аватар”-ын бүтээгч,
Холливудын найруулагч Жеймс Камерон хагас зуун жилийн дараа далайн
хамгийн гүнд хүрсэн анхны хүн боллоо.

Номхон далайн баруун хэсэгт байх Марианы хонхор далайн мандлаас доош 11 орчим км гүнд оршдог бөгөөд Ж.Камерон Австралид үйлдвэрлэсэн “Deepsea Challenger” шумбагчаар хоёр цаг аялж тэнд хүрчээ.
Тэрбээр бүтэн гурван цаг далайн ёроолыг ажиглаж, бичлэг хийсэн байна. Далай тэнгисийн нууцад нэвтрэхийг багаасаа мөрөөдсөн найруулагч энэ тухайгаа “Хамгийн боломжгүй мэт санагдаж байсан мөрөөдлөө биелүүлсэндээ итгэж чадахгүй нь.
Хүн саран дээр хөл тавьж, Жак-Ив Кусто далайг судалж байх үед өссөн болохоор далайн гүнд шумбах нь миний туйлын мөрөөдлийн нэг байлаа” гэжээ. Техник технологийн гайхамшгийг бүтээлдээ ашиглаж, бүгдийг яв цав хийхийг зорьдог хатуу найруулагч гэгддэг Ж.Камерон 11 тонн, долоон метр урт “Deepsea Challenger” шумбагчийг инженерийн тусгай баг хөлсөлж, сүүлийн хэдэн жил бариулжээ.
Олон сая ам.долларын энэ төслийг Ж.Камероноос гадна алдарт “Rolex” брэнд болон “National Geographic” сэтгүүл ивээн тэтгэсэн байна. Марианы хонхрыг судлах нь газар хөдлөлтийн давтамж, хүчийг судлахад чухал ач холбогдолтой гэж үздэг аж.
Далайн хамгийн гүнд хүрсэн хүнтэй шумбагч сүүлд 1960 онд л Марианы хонхор руу аялжээ. Гэхдээ 20-хон минут үргэлжилсэн тэрхүү аялал үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас далай сонирхогчдод хангалттай мэдээлэл авчраагүй байна.
Г.ДУЛАМ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
zozooloi (203.194.116.103)
gaihaltai yumaa bi ch gesen vzmeer bn