“Алтан гадас”, алтан медальтай Азийн аварга

Манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Т.Болортуул, 64 кг-ын жинд ОУХМ Э.Уянга нар алтан медаль хүртэж Монголоос төрсөн Ази тивийн аварга анхны эмэгтэй боксчид болов. 
Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын VI тэмцээн Улаанбаатар хотноо 10 гаруй өдөр амжилттай болж өндөрлөлөө. Манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Т.Болортуул, 64 кг-ын жинд ОУХМ Э.Уянга нар алтан медаль хүртэж Монголоос төрсөн Ази тивийн аварга анхны эмэгтэй боксчид болов. Тэмцээнд 19 орны 192 боксчин өрсөлдсөнөөс Монгол, Казахстан, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн улс бүх жинд тамирчнаа оролцуулсан юм. Эх орондоо болсон тивийн аваргын тэмцээнд манайхан бүтэн багаараа оролцож, хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдийн түүхэн шинэ хуудсыг нээлээ. 
    48 кг-ын жинд ОУХМ Т.Болортуул алтан медалийн төлөөх тулаанд Пинки Жанграг 24:22-оор буулгаж авснаар Монголын эмэгтэй боксчдын түүхэнд Ази тивийн аваргын анхны алтан медаль хүртсэн юм. Улмаар 64 кг-ын жинд “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Э.Ундрамын дүү ОУХМ Э.Уянга алтан медалийн төлөөх тоглолтод БНХАУ-ын тамирчин, дэлхийн аварга Лили Шейг 21:12-оор илүүрхэж эх орныхоо рингнээс хоёр дахь алтан медалийг хүртсэн. Мөн -81 кг-ын жинд тулалдсан ОУХМ Б.Одмаа, +81 кг-ын жинд тулалдсан Б.Бадамханд нар хүрэл медаль хүртэж хурсан олныг баярлуулсан юм. Эх орондоо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө манай эмэгтэй боксчид 2008 онд Энэтхэгийн Кухатта хотод болсон дөрөв дэх удаагийн тэмцээнээс 52 кгын жинд спортын мастер Ц.Цэрэнчимэг хүрэл медаль хүртэж байв. Харин 2010 онд Казахстаны нийслэл Астанад болсон тэмцээний 51 кг-ын жинд ОУХМ М.Нандинцэцэг мөнгө, 75 кг-д Б.Одмаа хүрэл медаль хүртэж байсан. 

Ази тивийн аварга хэмээх нэр хүндтэй эрхэм цолыг эх орондоо анх удаа авчирсан ОУХМ Т.Болортуулаас сэтгэгдлийг нь сонссон юм. 


-Ази тивийн аварга болсонд баяр хүргэе? 
-Баярлалаа. 

-Өрсөлдөгч нарынхаа талаар юу хэлэх вэ? 
-Эхний тойрог Шри-Ланка, дараагийн тойрогт Таиваний боксчдыг ялж тивийн аваргын төлөө Энэтхэгийн тамирчинтай тоглолоо. Энэтхэгийн тамирчин үнэхээр хүчтэй өрсөлдөгч байсан. Түүнийг ялж Ази тивийн аварга болж чадсандаа маш их баяртай байна. 

-ДАШТ-д оролцох уу. 48 кг жин олимпийн хөтөлбөрт ороогүй байх? 
-Лондоны олимпийн наадамд эмэгтэй боксын жинг нь 48-51, 57-60, 69- 75 гэж заасан. Хятадад болох ДАШТд оролцоно. Энэ тэмцээний өмнө Эрдэнэтийн “Олимп” баазад бүтэн сар бэлтгэлээ базаасан. ДАШТ-ий бэлтгэлээ бас тэнд хийх байх. Бид бүхний ялалтын эр хүчийг өгдөг “Олимп” баазын ах, эгч нартаа баярлалаа гэж хэлье. Ийнхүү 10 гаруй өдөр дэлхийн бокс сонирхогчдын анхаарлын төвд байсан Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын тэмцээн өндөрлөлөө. Манай улсад анх удаа зохиогдсон тус тэмцээнийг Олон улсын сонирхогчдын боксын холбооны ерөнхийлөгч, доктор Чинг Ко Вүг хүрэлцэн ирж үзсэн. Мөн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан, Монгол Улсын боксын спортыг тив дэлхий, олон лусын тавцанд сурталчлан таниулах, боксын спортыг хөгжүүлэхэд оруулж буй нэмрийг нь өндрөөр үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасан юм. ОУСБХ-ны ерөнхийлөгч ноён Чинг Ко Вү “Миний бие Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байна. Танай орон бол эрт үеийн түүхээсээ эхлээд тулааны урлагийн өндөр их өв соёлтой, уламжлал дүүрэн ард түмэн. Монгол Улсад боксын спорт үе өртөөлөн хөгжиж ирсний том үр дүн бас амжилт нь 2008 оны Бээжингийн олимпийн амжилт байсан. 2012 онд ч бас их зүйлийг хүлээж байгаа. Энэ удаагийн олимпоос эхлэн эмэгтэй боксын төрөл нэмэгдэж, гурван жинд хүч үзэхээр болж байна. Энэ мөчид Монгол Улсад Азийн аварга олон улсын хэмжээнд жилдээ 4000 гаруй боксын жижиг том тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Монгол Улс нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн өндөр хурдацтай хөгжиж байгаа, өөдрөг ирээдүйтэй орон. Энэ ч үүднээс Та бүх ний боксын спортыг дэмжсэн бодлогыг манай холбооноос хамгийн сайнаар дэм жиж байхыг эрмэлзэх болно” хэмээсэн. 
    Эх орныхоо рингнээс бяр хүч, авьяас чадвараараа манлайлж Азийн аварга болсон хоёр боксчиндоо мөн хүрэл медаль хүртсэн хоёр тамирчиндаа, нийт Монголын боксын эмэгтэй шигшээ багийнхандаа сар гаруйхны дараа болох ДАШТ-д амжилттай оролцохын ерөөл тавья.
Т.Зүрх
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)