“Орос Америкийн №1 дайсан”

Энэ оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Митт Ромни ОХУ-ыг геополитикийн хувьд Америкийн хамгийн том дайсан гэв.
Энэ оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Митт Ромни ОХУ-ыг геополитикийн хувьд Америкийн хамгийн том дайсан гэв. “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр Оросын эрх баригчдыг Сири, Иран зэрэг дэлхийн хамгийн ноцтой “тоглогчид”-той хамтардаг гээд олон улсын харилцааны тавцанд оросууд нөхөрсөг түнш байж чадахгүй гэжээ. Мөн Өмнөд Солонгосын нийслэлд болж буй цөмийн аюулгүй байдлын асуудлаархи олон улсын чуулганы үеэр Оросын Ерөнхийлөгчтэй уулзсан Ерөнхийлөгч Барак Обамагийн Орост хандах байр суурийг буруушаасан байна. М.Ромнигийн үзэж байгаагаар Орос, Америкийн харилцаа Б.Обамагийн хэлснээр хангалттай хэмжээнд хүрч хөгжиж чадахгүй байгаагийн дээр Кремлийн эрх баригчид өмнө нь амласан ёсоороо америкчуудтай хамтран ажиллахаас татгалзсаар байгаа гэнэ. Д.Медведевтэй уулзахдаа Цагаан ордны тэргүүн хоёр орны харилцааг харилцан ашигтайгаар, урьд байгаагүйгээр сайн төвшинд хөгжиж байна гээд ирэх сонгуулийн дараа Москватай харилцах харилцаагаа бүр ч уян хатан болгоно гэж ам алдсан юм. Мөн сонгуулийн дараа Орост албан ёсоор айлчлахаа мэдэгдсэн билээ. Энэ нь Америкийн улстөрчдийн дунд мэтгэлцээн үүсгээд байна. Ялангуяа Бүгд найрамдах намынхан Б.Обамаг Орост дэндүү их найр тавьж байна гэж шүүмжилж буй. Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн сонгууль уламжлал ёсоор арваннэгдүгээр сард болно. Урьдчилсан дүнгээр Б.Обама дахин ялалт байгуулах төлөвтэй байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)