С.Бямбацогт: Төр нь төр шиг, засаг нь засаг шиг байх зарчим төсөлд шингэсэн
- 2019-08-30
- Улс төр
- 1

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, М.Билэгт, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Л.Элдэв-Очир, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад хариулахдаа, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч, одоо хоёр дахь хэлэлцүүлгийг эхэлж байна. Энэ хугацаанд зөвшилцөл, ойлголцолд хүрэх, нийгмийн бүх талын саналыг сонсож тусгах үүднээс улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулсан олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийж, гаргасан саналуудыг аль болохоор төсөлд тусгах зарчим барьж ажилласан. Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахалсан зөвшилцлийн ажлын хэсэг таван удаа хуралдаж тодорхой саналууд дээр зөвшилцөл, ойлголцолд хүрсэн нь Байнгын хороогоор дэмжигдсэн. Мөн Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс гаргасан саналуудын ихэнх нь төсөлд агуулгаараа тусгагдсан, зарим тодорхой саналыг гишүүдийн төслийн заалтуудтай нийцүүлж өөрчлөн найруулах замаар томьёолж тусгаад байгаа.
Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүд, улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэх, байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, мөн Улсын Их Хурал тарах, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг илүү тодорхой болгож өгсөн, түүнчлэн төрийн бодлого тодорхой, уялдаатай байх, төсөв батлахад хүрээ хязгаар тогтоох өгөх зэрэг зохицуулалтыг шинээр томьёолсон. Тухайлбал, Нам нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байх. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтоохоор зааж өгсөн.
Харин нам байгуулах тооны тухайд Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэд нэгдэж байгуулахаар тусгагдсан байсан. Үүнийг зөвшилцөл, хэлэлцүүлгийн шатанд үндэслэлийг нь нягталж ярилцаад намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасныг Байнгын хороо дэмжсэн. Түүнчлэн сонгуулийн тогтолцоотой холбоотой саналыг олон талаас нь авч үзэж ярилцаад “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн одоогийн Үндсэн хуулийн заалтыг хэвээр үлдээхээр тогтсон. Харин “Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж Үндсэн хуулийн энэ хэсгийг өөрчлөн найруулахаар тусгаад байна.

Байгалийн баялгийн өмчлөлийн тухайд Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж томьёолсон бол Ерөнхийлөгчийн төсөлд тэдгээр нь “нийтийн өмч” байхаар тусгагдсан. Тиймээс төслийн энэ заалтыг зөвшилцлийн шатанд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж өөрчлөн найруулж томьёолсон. Харин байгалийн баялгийн ашиглалт, тэгш шударга хуваарилалтын тухайд Үндсэн хуулийн энэ хэсгийг “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөхөөр тогтоод байна.
Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэн гэдгийг хэллээ.
Мөн тэрбээр Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг дээшлүүлэх, давхар дээлний асуудлыг нэгмөр цэгцлэх үүднээс “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн зохицуулалт оруулахыг дэмжээд байгаа. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх зохицуулалтыг тусгаж өгсөн. Гишүүд нь давхар дээлээ тайлж Улсын Их Хурал нь зөвхөн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлаа хийдэг, Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлж, хариуцлага алдсан танхимын гишүүнээ огцруулдаг, парламентын өмнө хариуцлагаа хүлээдэг байх заалтыг шинээр тусгаж өгсөн нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг чухал зохицуулалт юм. Өөрөөр төр нь төр шиг, засаг нь засаг шиг байх зарчим төсөлд шингэсэн гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл (1)
Үүнийг зөв шийдсэн үү (202.21.124.19)
1.Шүүх засаглалыг хараат бус болгох. 2.УИХ-ын гишүүдийн тоог хэвээр үлдээх. 3.Сонгуулийн аль нэг тогтолцоог Үндсэн хуульд заахгүй байх. 4.Засгийн газар шийдэж болох өрийн хязгаарыг тогтоох. 5.Намуудад тавих шаардлагыг өндөржүүлэх, төрийн хэрэгт хутгалддагийг болиулах.