Сирийн төр хүүхдүүдийг хүртэл хорьсон гэв

Сирийн эрх баригчид бага насны хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар хорьж, эрхийг нь зөрчиж байгаа тухай НҮБын Хүний эрхийн хорооны тэргүүн Нави Пиллай мэдэгдлээ.
Сирийн эрх баригчид бага насны хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар хорьж, эрхийг нь зөрчиж байгаа тухай НҮБын Хүний эрхийн хорооны тэргүүн Нави Пиллай мэдэгдлээ.
Тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассадын засаглалыг эсэргүүцэгчдийн тэмцэл өнгөрөгч оны эхээр эхэлж, өнөөг хүртэл улс орныг хамарсан үймээн самуун болон үргэлжилж байгаа. Эрх баригчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, энгийн иргэдийг хэдэн зуугаар нь хөнөөсөн хэмээн буруутгагдаад буй. Хатагтай Н.Пиллайн хэлснээр байдал хэдийгээр хүнд байгаа авч Ерөнхийлөгч аль-Ассад тушаал буулгах төдийд л иргэдийн эсрэг хүчирхийлэл зогсох боломжтой юм.
НҮБ-ын Хүний эрхийн хороонд ирсэн мэдээллээр Сирийн тусгай алба болон армийнхан жагсаал цуглаанд оролцсон энгийн иргэдийг баривчлахдаа хүүхдүүдийг нас, хүйс харгалзалгүй баривчилж, хэдэн зуугаар нь томчуудтай хорьж, дөнгөлсөн байна. Мөн мэдүүлэг авна гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж хүртэл үзүүлэхээс татгалзжээ.
Сирийн одоогийн эрх баригчдыг Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө аваачих энэ мэт баримт НҮБын Аюулгүйн зөвлөлд хангалттай бий гэж Н.Пиллай мөн онцолжээ. Дамаскийн эрх баригчид үймээн самуунд амь үрэгдэгсдийн тоог 1600 гаруй гэж мэдээлж буй ч НҮБын тооцоогоор 9000 орчим хүн амиа алдаад байна.
НҮБ, Арабын лигээс үймээн самууныг намжаахын тулд гаргасан энхийн хэлэлцээний саналыг Сирийн Засгийн газар хүлээн зөвшөөрөөд байгаа. Энхийн хэлэлцээнд НҮБ-ыг төлөөлөхөөр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан сонгогдсон бөгөөд дараахь зургаан нөхцөлийг Ерөнхийлөгч аль-Ассад болон түүний Засгийн газарт санал болгожээ.
Үүнд:
 -Сирийн төр ард түмнийхээ өмнө бүрнээ хариуцлага хүлээх
 -Сөргөлдөгч бүх талын иргэдийн эсрэг өдөөсөн зэвсэгт хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсооход НҮБ-тай хамтран ажиллах
 -Үймээн самуунд нэрвэгдсэн бүх бүс нутагт талууд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөх, тусламжийг саатуулахгүйн үүднээс хоногт хоёр цаг гал зогсоох
-Шүүхийн шийдвэргүйгээр хоригдсон иргэдийг суллах явцыг түргэсгэх -Сэтгүүлчдийг улс даяар чөлөөтэй зорчуулах
 - Иргэдийг нэгдэн нийлэх, тайван жагсаал цуглаан зохион байгуулах эрхээр хангах зэрэг багтжээ.

Харин эл үйл явдалтай зэрэгцэн энэ мягмар гаригт Туркийн Стамбул хотод цугласан Сирийн сөрөг хүчний нам, хөдөлгөөнүүдийн төлөөлөл сөрөг хүчнийхний хамтарсан эвсэл Сирийн үндэсний зөвлөлийг Сирийн ард түмний албан ёсны Засгийн газар хэмээн зарлаад байна.

Г.ЛХАГВАДУЛАМ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)