Зөвхөн мөнгөтэй хүн бизнес хийдэггүй - “Чоно” группын ерөнхий захирал Ш.Алтанбагана

Мөнгөндөө тааруулаад сэтгээд байвал бид хэзээ ч хөгжихгүй. Тиймээс энэ ойлголтыг халах цаг болжээ.Мөнгөндөө тааруулаад сэтгээд байвал бид хэзээ ч хөгжихгүй. Тиймээс энэ ойлголтыг халах цаг болжээ.
Улс орны хөгжилд хувийн хэвшлийхний оруулдаг хувь, үүрэх ачаа үлэмж их бөгөөд тэр дундаа бизнесийн салбарт залуусын эзлэх хувь өсөн нэмэгдсээр байгаа. Саяхан бизнес эрхлэгч залуус чуулж “Бизнес эрхлэгч залуучуудын клуб” байгууллаа. “Монгол Залуусын чуулган”-аас гаргасан дээрх санаачлагыг МҮХАҮТ дэмжиж, бизнес эрхлэгч залуусын анхны уулзалтыг зохиосон юм. Бизнес эрхлэж байгаа болон бизнест шинээр хөл тавьж буй залуучуудыг мэдээллээр хангаж, харилцан туршлага солилцуулах, нийгмийн идэвхитэй оролцооны боломжийг бүрдүүлэхэд энэхүү клуб  ихээхэн үүрэг гүйцэтгэх аж. Монгол залуус бизнесийн санаагаа хэрхэн олж,  гараагаа яаж эхлүүлэх, цаашдаа хэрхэн хөл дээрээ зогсож, өргөжин дэвжих болон жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд чухал түлхэц болдог “Start up” институтийг мөн байгуулах гэж байна. Энэ талаар “Чоно” группын ерөнхий захирал Ш.Алтанбаганатай ярилцлаа. Бизнес эрхлэхээр зорьж буй залуу хүн бүрт нэгэн бодол төрүүлөх буй заа.

Нэг. Бизнес эрхлэнэ гэдэг нь хамтын ажиллагаа

-“Бизнес эрхлэгч залуучуудын клуб” байгуулах үеэр та бүхэн Монголд бизнес эрхлэхэд тулгамдаж байгаа асуудал үүнийг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцсэн байгаа. Энэ талаараа манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулж өөрийн үзэл бодлоо хуваалцана уу? Жишээ нь: “Мөнгөтэй л хүн бизнес эрхлэдэггүй” хэмээн хэлсэн таны үг их анхаарал татаж байлаа.
Бизнесийг эхлүүлж, хөтлөн явуулахад мэдээж санхүүжилт чухал. Манай оронд өнөөдрийн байдлаар аливаа төслийг хэрэгжүүлэгчийн төслийг нь бус барьцаа хөрөнгийг чухалчилан санхүүжилт олгож байгаа нь ажиглагдаж байна л даа. Гол нь барьцаа хөрөнгө биш бизнес төслийн цаашид хэрхэн хөгжих, үр дүн нь ямар байхаас хамааран санхүүжилт олгогдох ёстой.
Олон улсын жишгээс хархад хөгжилтэй орнууд бизнес эрхлэгчид болон жижиг дунд үйлдвэрлэлд (ЖДҮ) ихээхэн анхаарал тавьж тэдэнд тусламж, дэмжлэг, зөвлөгөө өгөх зорилго бүхий “Бизнес эрхлэлтийг дэмжих төвүүд”-ийг байгуулдаг. Манайд хэдийгээр ЖДҮ-ийг хөгжүүлэх агентлаг байдаг ч харамсалтай нь тэдний үйл ажиллагаа нь явцуу хүрээнд мөнгө хувиарлах төдийхнөөр хязгаарлагдаж байна. Гэтэл бизнес эрхлэх эрмэлзлэл бүхий иргэд тэр дундаа залуус олон бий. Тэд өөрийн санааг төсөл болгон ирхэд санхүүжилт авах боломж нээлттэй байж шилдэг шалгарсан бизнес төсөл, төлөвлөгөөнд санхүүжилт олгох нь хамгийн чухал юм.

Бизнесээ эхлэх сонирхолтой иргэдийн хувьд бизнес эрхлэх өндөр чадвар, туршлага дутмаг байдаг. Ер нь аливаа амжилттай яваа бизнесийг гаднаас нь харж дуурайх биш нарийвчлан судлаж үзсэний дүнд өөрийн бизнесийг эхлэх хэрэгтэй.

Хоёр. Бизнест санаа болон төслийн хомсдол гэж байхаас биш мөнгөний хомсдол бол түр зуурынх....
-Таныхаар бизнес эрхлэхэд хөрөнгө мөнгөнөөс илүүтэй бизнесийн санаа, төсөл төлөвлөгөө чухал болж байна. Санааг хэрхэн яаж гаргаж, дэмжих вэ?
Бизнес эрхлэнэ гэдэг маань хамтын ажиллагаа юм. Зарим хүнд санаа, нөгөө хүнд хөгжүүлэх чадвар, өөр нэг хүнд мөнгө байдаг. Энэ нь санаачлагч төслөө боловсруулан хөрөнгө оруулагчид санал тавин хамтын ажиллагааг эхлүүлнэ гэсэн санаа юм. Лондонгийн хөрөнгийн бирж ч ийм зарчмаар ажилладаг. Мөнгөтэй хүн л бизнес хийдэг гэсэн санааг өөрчлөх ёстой.  Дэлхий дээр хэдэн тэрбум биш хэдэн триллион доллар сул байж байна. Банк болон хөрөнгө оруулалтын сангуудад дээрхи сул хөрөнгө нь тэтгэвэрийн сан, хадгаламж, хуримтлал хэлбэрээр төвлөрч байдаг.

Бизнесийн санаа болон төслөөс бизнес хөгждөг. Санаа, төслийн  хомсдол гэж л байхаас биш мөнгөний хомсдол бол цаг зуурынх юм. Манай орны аль ч салбарт хөрөнгө оруулат хийх сонирхолтой олон улсын хөрөнгө оруулагчид сүүлийн үед нэмэгдэж байна. Тэдний хамгийн түрүүнд асуудаг асуулт нь “Та нарт ямар бизнесийн төсөл байна вэ” гэдэг. Тэгэхээр хувийн хөрөнгө оруулагч, институтийн хөрөнгө оруулагчид ч ялгаагүй бизнесийн сайн төсөл болон бизнес эрхлэх чадварт нь тулгуурлаж санхүүжилтийг олгох нь хөрөнгө оруулалтын хамгийн гол зарчим юм.

Гурав. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг нь өөрөө жижиг дунд зүйл биш
- ЖДҮ гэхээр манайд ногоо тарих, эсгий эдлэл хийхээс хэтэрдэггүй, хүмүүс ч ингэж ойлгож, хүлээн авдаг. Таны бодлоор?
Манайхан жижиг дунд бизнесийг бичил бизнестэй андуураад байдаг. Бичил бизнес нь төр засгийн бодлогоор болон олон улсын байгуулагаас дэмжигдэн ядуурлыг бууруулах зорилготой өрхийн үйлдвэрлэл байдаг. Үндэстэн дамнасан корпорациудаас бусад компаниудын хэв шинж нь жижиг дундад хамаарагддаг. Өөрөөр хэлбэл илүү технологи, инноваци ашигласан, өртөг шингээсэн, бодитой нэмүү өртөг бүтээсэн, үнэ цэнийг бий болгож, тодорхой хэрэглэгчдэд өгөөжөө өгч, үр ашигтай туссан, урт ба дунд хугацаанд өрсөлдөх чадвартай бизнес нь жижиг дунд бизнес байдаг. Дэлхий дээр хамгийн их ашигтай бизнес бол жижиг дунд бизнес шүү дээ. Хүмүүсийн өргөн хэрэглээ, оролцоон дээр төвлөрдөг учраас найдвартай байдаг.  Харин өрсөлдөх чадвартай жижиг дунд бизнесийн дэмжих институт нь  “Start up” институт юм. “Start up” институт нь жижиг дунд бизнесийг хөгжүүлэх 2 гол ач холбогдолтой. Нэгдүгээрт бизнесийн санааг хөгжүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж бизнес эрхлэх чадвар суулгаж зөвлөгөө өгөх. Хоёрдугаарт ямар нэг барьцаа хөрөнгө шаардалгүйгээр төслийг хэрэгжүүлэх тодорхой хэмжээний санхүүжилтийг олгох юм.

-“Start up” институтийг хөгжүүлсэн олон улсын туршлага ямар байдаг юм бол?

Хувийн болон ТББ-ын оролцоотой институтууд ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих талаар дэлхий даяар ажиллаж байна.  Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд санхүүжилт, чадавхижуулалт хоёр чухал. Шинэ бизнесээ хэрхэн эхлүүлэх,  санхүүжилтээ яаж олох, ямар зарчмаар ажиллах, бизнес эрхлэгчидтэйгээ хэрхэн хамтран ажиллах  вэ гэдэг дээр бусад улс орнуудын маш олон жишээ бий. Чухал, хэрэгтэй, сайн жишээнүүдийг  өөрийн орондоо нутагшуулж хэрэгжүүлэх нь институтийн цаашид хийгдэх чухал ажлуудын нэг болоод байгаа.

Дөрөв. Бизнесийн үйл ажиллагаа ил тод байх тусмаа тэнд хүмүүсийн оролцоо  улам сайжирна
-Бизнесийг дэмжих институтийн талаар багагүй ярилаа. Бизнес инкубатороос юугаараа ялгаатай вэ?
Бизнесийн инкубаторууд нь салбарын шинж чанартай байдаг. Өөрөөр хэлбэл тухайлсан нэг салбараар дагнасан байх жишээтэй. Харин “Start up” бол дээр хэлсэнчлэн өрсөлдөх чадвар бүхий бизнесийг утгаар нь хөгжүүлэн төлөвшүүлэх институт юм. Бидний зүгээс “Start up” институтийг байгуулах хувь хүний болон компанийн санхүүгийн сонирхол байхгүй. Энэ санааг  нээлттэйгээр танилцуулж байгаа юм. Аливаа бизнес ил тод байх тусмаа хүмүүсийн оролцоо сайжирдаг.
 
-Залуу хүний хувьд улс орны хөгжил, ирээдүйд юуг чухалчилж боддог вэ?
Эдийн засгийн том онолын үзэл баримтлал гэхээсээ илүү иргэдийн амьдрал дахь энгийн зүйлээс эхлэх нь зүйтэй болов уу гэж боддог. Наад зах нь Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн итгэл үнэмшил, баримталдаг зарчим, үнэт зүйлтэй байх талаар бүр бага балчир наснаас нь эхлэн эзэмшүүлэх хэрэгтэй болов уу. Өнөөдөр нийгмийн амьдралыг харахаар иргэдийн амьдралд ёс суртахуун, үнэт зүйлс үнэхээр дутагдаж байна. Өөрийн гэсэн зорилготой, итгэл үнэмшилтэй байж түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чадах тийм л эрч хүчтэй хүмүүс Монгол Улсыг хөгжүүлж чадна. Хүн бүр заавал том улс төрч, мундаг бизнес эрхлэгч болох нь чухал биш харин өөрийн хийж бүтээж буй зүйлдээ үнэн сэтгэлээсээ хандаж улс орондоо жижиг ч гэсэн зүйлийг хийж бүтээвэл Монгол Улс хөгжих боловуу гэж боддог.

Танд баярлалаа. Монголын залуус дэлхийд өрсөлдөх болтугай!
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.55.191.57)

    2011-10-29

    lklk