Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
- 2019-10-25
- Улс төр
- 0

Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүй байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус тус танилцууллаа.
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль нь 1993 онд батлагдсанаас хойш нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 орчим заалтад холбогдох өөрчлөлт оруулсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа аж.
2018 оны байдлаар Монгол Улсын 175687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч бодит байдал дээр нэгдсэн тоо бүртгэл нь тойм төдий байдаг байна. Учир нь иргэд сайн дураар бүртгүүлдэггүй, албадах ямар ч боломж байхгүй тул хилийн чанадад байгаа тухайн Дипломат төлөөлөгчийн газарт ирж ямар нэг байдлаар төрийн үйлчилгээ авсан иргэдийн тоон дээр суурилдаг. Түүнчлэн Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсад оршин суугаа, зорчиж байгаа иргэдийн мэдээлэл байх боломжгүй зэрэг асуудал байсаар байгааг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Иймд хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа залуусаа дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлж, Дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, Монгол Улсын төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогыг Монгол Улсын бүх иргэнд жигд хүртээмжтэй хамруулахад санаачлагатай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Хууль санаачлагч хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, иргэдэд туслах сан, сангаас тусламж дэмжлэг үзүүлэх хэлбэрийг тодорхойлох, төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогыг Монгол Улсын иргэн бүрд жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Л.Болд гадаадад зорчиж байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газраар үйлчлүүлэх, эрхээ хамгаалуулах, төрийн үйлчилгээ авах, сонгууль өгөх, хүүхдийн мөнгө авах, газар өмчлөх, хувьцаа эзэмших зэрэг асуудлуудлыг хуулийн төсөлд хэрхэн зохицуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хилийн чанадад байгаа иргэн нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд үүсэх үүрэг хариуцлага, иргэдэд туслах сантай холбоотой эрхээ хэрхэн эдлэх, иргэн цагаачлах, удаан хугацаагаар гадаадад оршин сууснаар эрх нь зөрчигддөг асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулгадаа дурдсан.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нарын зүгээс гадаад улсад амьдарч байгаа иргэдийн хэдэн хувь нь газар өмчилсөн талаарх дүн мэдээллийг тодруулахын зэрэгцээ хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангийн үйл ажиллагааны талаар лавлаж байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хариултдаа, гадаад улсад амьдарч байгаа 175 мянга гаруй иргэдээс хэд нь газар өмчилсөн талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сан 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ сангийн дүрмийг Засгийн газрын тогтоолоор баталсан бөгөөд тодорхой хэмжээний төсөв тавигддаг. Сангийн нийт хөрөнгийн 50 хувийг хилийн чанадад нас барсан монгол иргэдийн шарил, чандрыг эх оронд нь авч ирэхэд зарцуулдаг бол үлдсэн төсвийг гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэх, эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэдийг эх оронд нь буцаахад зарцуулдаг. Шинэ хуулийн төсөлд сангийн үйл ажиллагааг хуульчилж, хөрөнгө зарцуулах асуудлыг тодорхой заасан байгаа гэж байлаа.
Ингээд Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Архив албан хэрэг хөтлөлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцуулав.

Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг энэхүү хуулийн төсөлд анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулсан байна. Албан хэрэг хөтлөлтийг хуульчлан журамласнаар энэхүү үйл ажиллагаа боловсронгуй болж, баримт бичигтэй ажиллах албан хаагчдын хариуцлага сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Архивын баримтын зэрэглэлийг тогтоохдоо Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалттай уялдуулж, уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан шалгуурыг хангасан архивын баримтыг хосгүй үнэт баримтад хамааруулахаар зааж, нэн үнэт, үнэт, ердийн гэсэн зэрэглэлд хамааруулах архивын баримтыг хэрхэн тодорхойлох үндэслэлийг хуулийн төсөлд тусгасан. Мөн архив албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхой тусгасан талаар танилцуулгад дурдсан байлаа.
Архив судлал, баримт судлалыг хөгжүүлэх, архивын баримтыг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, олон нийтэд сурталчлах, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөцийн чадавхийг сайжруулах, мэргэшүүлэх асуудлаар гарч байгаа хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж Сургалт, судалгааны төвийг Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллуулахаар зааж, чиг үүргийг нь тусгасан бөгөөд хуулийн төсөл нь найман бүлэг, 50 зүйлтэй аж.
Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 22- ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Хууль санаачлагч нь Архивын болон албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг харилцан уялдаатай зохицуулах зорилгоор албан хэрэг хөтлөлтийн асуудлыг хуульчилж, байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам, баримт бүртгэх, хянан шийдвэрлэх, бүрдүүлэх, архивт шилжүүлэх үйл ажиллагааны талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгаж, иргэдэд тулгарч байгаа хэрэгцээг үндэслэн архивын баримт бичгийг түр хадгалах үйлчилгээг бий болгон эрх зүйн үндсийг тодорхойлж, өмчийн хэлбэрээс үл хамааран байгууллага бүр архивтай байх, Үндэсний төв архив, төрөлжсөн архив, аймаг, нийслэлийн архив, тусгай архив нь төрийн архивын эрх хэмжээтэй ажиллах, төрийн болон байгууллагын архивын чиг үүрэгт архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, архивын ашиглалтын үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэтрүүлэх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байгааг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулгадаа дурдав. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Архив бол Монгол төрийн ой санамж гэдгийг тодотгохын зэрэгцээ төрийн хэчнээн архив үйл ажиллагаа явуулж байгааг лавласан. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Монгол Улсын хэмжээнд төрийн 37 архив үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр нь бусад архивуудаасаа баримтыг байнга хадгалдгаараа онцлогтой гэж хариулав.
Ингээд Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төвсийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан.
Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,122.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.3 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,197.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан.
Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн орчныг дэмжих бодлогын үр дүн, энэ оны эхний найман сарын эдийн засаг, төсвийн гүйцэтгэл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн нөлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн болон төлбөрийн чадавх нэмэгдэж байгааг харгалзан 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс 675.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцсоныг Сангийн сайд илтгэлдээ онцлов.
Түүнчлэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн санхүүжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагуудын шатахуун, дулааны зардлыг үнэ тарифын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, 2018 оны төсөвт батлагдаж хэрэгжиж эхэлсэн боловч санхүүжилтээ бүрэн аваагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг олгох зэрэг арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага үүссэн нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг өөрчлөх нөхцөл болж байгааг дурдлаа.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцсоныг Сангийн сайд танилцуулсан юм.
Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн, дэмжсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, С.Эрдэнэ, Д.Хаянхярваа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдийн зүгээс Хавдар судлалын үндэсний төвийг 100 ороор нэмэгдүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг хуваарилах боломж бий эсэх, валютын нөөц бүрдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудлыг 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн тусгасныг тодруулав.
Шийдлээ гаргаад явж болно. Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг өргөн барихын өмнө Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг түрээслэх тухай нэг ширхэг цаас ч бидэнд ирүүлээгүй байсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа онцлов. Мөн тэрбээр, валютын нөөцийг нэмэгдүүлэх үндэслэл нь экспорт гэдгийг онцлорхын зэрэгцээ энэ хүрээнд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ийм учраас иргэний агаарын тээврийн либералчлалыг хүчтэй хийж, аялал жуулчлалын тусгай бүсийг байгуулж, үүндээ чиглэсэн тусгай, чиглэл бодлого боловсруулж ажиллана гэдгийг тодотгов. Түүнчлэн шинэ салбаруудыг экспортод гаргах чиглэлийг хөгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна гэж байлаа.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Хавдар судлалын үндэсний төвийн орыг 100-аар нэмэгдүүлэх, эмч, сувилагчдын үйл ажиллагааны зардал болох 13,8 тэрбум төгрөг, техник хэрэгсэл, лабораторийн 5,9 тэрбум төгрөгийн зардлыг шийдэж өгөх шаардлагатай байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа төсөв хэлэлцэж байгаа явцад гишүүдийн гаргаж байгаа саналуудыг анхаарч үзэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл (0)