Г.Нэргүй: Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогын дуудлагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй
- 2019-11-04
- Улаанбаатар
- 0

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон гадаад улс руу илгээсэн шинжилгээний хариуны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд 15 өрхийн 33 иргэн хандаж угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага харьцангуй буурсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй” гэв.

Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 154 улсын байцаагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хороо, дүүрэг бүрт түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа талаар дурдав. Мөн тус газраас өнгөрсөн сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 19 зөрчил илрүүлж 14.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн хурааж, 9 сая 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.
Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж ажиллаж байгаа талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээллээ.Тэрбээр “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлж ажилласан” гэв. Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл (0)