Тэмцлийн жагсаалыг ингэж хийдэггүй юмаа Фронтынхоон...
- 2019-11-07
- Нийтлэл
- 0

Төр барьж байгаа нам, төрийн түшээдийг бодохоор өрөвдөх юм. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн нам эвсэл, бас бус ашиг хонжоо хайсан хүний амны бай болно. Үнэндээ Засгийн газар УИХ, байгуулагдсан цагаасаа хойш л өөлүүлж, муулуулж дөрвөн жилийг ардаа орхидог тогтолцоо манайд бий болжээ. Үнэхээр л их хуралд гарсан гишүүд нь юм хийж бүтээдэггүй юм бол энэ хөгжил, дэд бүтэцийг хэн бүтээгээд байгаа юм бэ. Эсвэл төр баригчдаа муу хэлж, өөрсдөө нэр хүндээ өсгөж дараагийн сонгуульд сууна гэж горьддог юм уу бүү мэд. Үнэндээ одоо болох жагсаалын ард ч ямар санаа нуугдаж байгааг олон нийт мэднэ. Зэвсэгт хүчинд мэдлэг чадвараараа гайхуулж явсан генерал фронт удирдан өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Энэ жагсаалын үр дүн нь юу вэ.
Улс төрийн үйл явц, улс төрийн “тоглолт” сонгогчдоос оноо авах сонирхолтой улс төрийн хүчин, иргэний нийгмийн хөдөлгөөнийхний хийдэг хамгийн том акц бол жагсаал. Үнэндээ манай улсад жагсаал “шинэ” үзэгдэл биш болоод удаж байна. Жагсаалыг хэн зохион байгуулж, хэн найруулж байгаагаас бүх зүйл тодорхой харагддаг гэхэд болно. Тэгвэл фронтынхны жагсаалын тэргүүн эгнээнд иргэний нийгмийн төлөөллүүдээс бүрдсэн. Тэд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдсан, ард түмний эрх ноцтой зөрчигдөж, улс төр, эдийн засгийн мухардалд орсон гэсэн дүгнэлтийг гаргасан. Иймд тус фронт цаашид хурал, уулзалт хийж тайван суухгүй, тэмцлийн шугам дээр гарна. Улс орноо ийм байдалд оруулсан УИХ-ыг тарааж, Ардын түр хурлыг байгуулахын төлөө нэгдэж тэмцэнэ гэсэн зорилготой. 1992 оноос хойшхи бүх л жагсаал ийм нэртэй. Өнөөгийн УИХ-д ч жагсаалаас төрсөн “баатар”-ууд сууж байгаа. Ингээд бодохоор үнэхээр л шударга дүрд тоглон шуналт зангаа нуудаг жагсаал л болдог болсон нь нууц биш. Жагсах, үг хэлэх эрх чөлөө бидэнд бий. Түүнийгээ ч бид хангалттай эдэлж чаддаг. Гэхдээ жагсаал цуглаан хийснээрээ ард түмний амьдрал сайжирдаг бол Сүхбаатарын талбайг гороолсон олон хүний тэмцэл үр дүнгээ өгөх л байлаа. Гэхдээ тэд жагсч, тэмцсэнийхээ хариуд Төрийн ордонд орж, эрх мэдэл булаацалдан, шүлсээ үсэргэхээс өөрөөр гавьяагүй үлддэг нь нууц биш ээ. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, улс орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө тэмцэж, жагсч явсаар одоо гишүүн болчихсон, эрх мэдэл, эрх ашиг хаана байна тэнд шүлсээ үсчүүлэн яваа төрийн түшээдийн тод жишээ жагсагч, тэмцэгчдийн үнэн төрх нь энэ гэвэл буруудахгүй болов уу.Хонконгд хэдэн сарын турш үргэлжилсэн ард иргэдийн тэмцэл үр дүнгээ өгснийг та бүхэн санаж буй биз ээ. Тэд хүнийхээ төлөө жинхэнэ утгаар нь тэмцэж, Хятадад ялтан шилжүүлэх хуулийг хүчингүй болгоход гавьяа байгуулсан жагсаал зохион байгуулсан дуулиан намдаагүй байна. Жагсаал, тэмцлийн үнэн зорилго, тэмүүлэл нь зөв байвал хэд саяараа ч жагсч болдог гэдгийг тэд харуулсан.
Үнэндээ тийм үнэнч жагсаал монголд болдоггүй учраас л “жагсаал”ын нэр хүнд унаж байгаа. Жагсагчид ч адил. Нэг хэсэг нь хөөрсөн сэтгэлээр нэгдэж. Нөгөө нь далд бодлоготойгоор уриалж, дэвэргэж хөнгөн сэтгэлтнүүдийнхээ итгэлээр тоглож чаддаг болсон. Сүр дуулиантай яриа дэлгэж мэдээлэл цацаж, өөрсдийгөө ардын баатар гэж цоллосон энэхүү фронтын тэргүүн эгнээнийхэнд хэлэхэд эх орны төлөө, ирээдүйн сайн сайхны төлөөх тэмцлийг ингэж хийдэггүй л байхгүй юу. Өдөржин үр дүнгүй жагсаж өлссөнөө гайхан гэртээ ирэх ээж аавыгаа үр хүүхэд нь ардын баатар гэж хүлээж авах уу. Үнэхээр энэ жагсаал үр дүнгээ өгөх юм бол үр дүн нь маргааш мэдэгдэхгүй. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа л тов тодорхой болно. Тэр үед Фрониынхоны тэргүүн эгнээнд явсан нөхдийн жинхэнэ зан чанар харагдах биз ээ.
Д.Гал

Сэтгэгдэл (0)