Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар даргалан явуулав. 

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байгаа аж. 2018 онд 21 аймагт хийсэн хоршоодын хөгжлийн үнэлгээнд орон нутгийн нийт 3020 хоршоо хамрагдсанаас 239 нь тогтвортой өсөлттэй, 580 нь  үйл ажиллагаа нь тогтвортой хөгжиж байгаа, 877 нь идэвхжиж буй, 1324 нь үйл ажиллагаа нь зогсонги байна гэсэн дүгнэлт гарчээ. Үнэлгээнд хамрагдаагүй 673 хоршоо бүртгэлтэй боловч оршин тогтнодог эсэх, хоршооны зарчмаар ажилладаг эсэх нь тодорхойгүй буй аж. 

Тогтвортой ажиллаж буй хоршоодын 9 орчим хувь нь хадгаламж зээлийн чиглэлээр, зургаа нь дундын хоршоо бөгөөд дийлэнх нь гэр бүлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нь тодорхой болсон байна. Түүнчлэн хоршоог гишүүдийн нийгэм, соёлын хэрэгцээг хангах зорилгоор хоршиж хөдөлмөрлөх биш “хоршоо” гэдэг нэрийг ашиглаж, нэг хүний эрх ашгийн төлөө байгуулах явдал их гаруй байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулгадаа дурдсан. 

Хоршооны удирдлагын менежмент муу, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлага тодорхойгүй, банкнаас зээл авах барьцаа хөрөнгөгүй байх, хоршооны гишүүдийн ажлын үнэлэмж, урамшуулал тогтворжоогүй, бизнесийн төлөвлөлт байхгүйгээс хоршоо бусад бизнесийн хэлбэртэй харьцуулахад өрсөлдөх чадавхи сул, гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гарч хуримтлал үүсэх, шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх зэргээр бие даан хөгжиж чадахгүй байгааг тэрбээр онцолж байлаа. Тухайлбал, судалгаанд хамрагдсан хоршоодын 8.7 хувь нь огт орлого олоогүй, 54 хувь нь 1 сая төгрөг болон түүнээс бага орлого олсон, 23 орчим хувь нь нэгэн хэвийн өсдөггүй орлоготой, 20 хувь нь орлого буурсан, 39 хувь нь орлого бага зэрэг өссөн гэсэн дүн гарчээ. 

Ийм учраас хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих, хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа дурдсан. 

Одоогийн мөрдөгдөж буй хууль хэт ерөнхий, хоршооны талаарх төрийн байгууллагууд болон хоршооны дээвэр байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлоогүй, хөгжлөө даган өөрчлөгдөж буй нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байгаа нь Хоршооны тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ. 

Хуулийн төслийг боловсруулахдаа юуны өмнө одоо байгаа хоршоодод бүтэц, зохион байгуулалт, удирдлага менежментийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэх шаардлага тавьж, хоршоо гишүүдийнхээ нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэж чадахуйц санхүү, төлбөрийн чадвартай болох боломжийг нь бүрдүүлэх чиглэлийн эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход түлхүү анхаарсан хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, хоршоог иргэд сайн дурын санаачилга дээрээ үндэслэн байгуулдаг. Гэтэл ноосны урамшуулал авахын тулд малчдыг хоршоонд нэгтгэх кампаничилсан ажил хийгдсэн. Хууль батлагдсанаар иргэдийг кампаничлан шахаж хоршоонд элсүүлдэг явдал арилах уу хэмээн лавласан. Тэрбээр хоршоотой холбоотой асуудал ганц хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд байх нь тийм ч оновчтой шийдэл биш гээд энэ асуудлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай холбох, хөдөлмөрийн харилцааны бодлоготой уялдуулах зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоршоогоор дамжуулан хөдөө дэх ядуурлыг бууруулах учиртайг онцлоод хоршоог хөгжүүлэхийн тулд мэргэжлийн менежерүүд бэлтгэх зайлшгүй шаардлага бий хэмээсэн. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Элдэв-Очир нар Хоршооны тухайл хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршооны эрх, үүрэг, зорилго тодорхой болж, иргэдийг кампаничлан элсүүлдэг болоод бусад зөрчил засагдана хэмээн хариулсан. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан уншиж танилцуулав. Ажлын хэсэг хоёр удаа хуралдан, “ИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн дөрвөн саналыг томьёоллыг боловсруулсан гэлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд ипотекийн зээлийн санхүүжилт, төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа холбоо, “Саарал жагсаалт”-аас гарах ажлын төлөвлөгөө, инфляцийн түвшин, валютын нөөц, зээлийн хүүг бууруулах асуудал, гадаад өр, 2019 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар тодруулан хариулт авсан юм. 

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй дараах саналын томьёоллоор санал хураалт явуулав. 

Тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах арга хэмжээ авахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан байдлаар өөрчлөн найруулах, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөдлөх эд хөрөнгө барьцаалсан санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор тогтоолын төслийн 2.4-т “нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурласан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх” гэж нэмэх саналууд дэмжигдсэн. Мөн тогтоолын төслийн хавсралтын 2.1-т “банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлнэ” гэж тусгасныг “үргэлжлүүлнэ” гэж өөрчлөх, тогтоолын төслийн хавсралтын 2.2 дахь заалтыг “Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээ авна” гэж илүү тодорхой болгож өөрчлөн найруулах саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар тогтоолын төслийн 2 дахь заалтад “зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэсэн, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох хэрэгцээ, шаардлагыг судалж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн дэд заалт тус тус шинээр нэмэх санал гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)