Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажууллаа

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажуулах ёслол өнөөдөр 11.30 цагт Төрийн ордонд боллоо.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу УИХ-ын баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгч баталгаажуулж, эцэслэн баталдаг. УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүд өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгчид өргөн барьж баталгаажуулах ёслол үйлдэж өгөхийг хүссэн юм. 

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил яригдаж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш Улсын Их Хурал таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсан билээ. 

    Улсын Их Хурлын 57-гоос доошгүй гишүүний саналаар баталдаг өндөр босготой энэхүү хуулийг батлахын өмнө сүүлийн гурван жилийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт хуулийн төслөө танилцуулан, нийгмийн бүх субьектийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн 306 мянга гаруй, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 600 мянга гаруй санал авчээ.

Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт орсон юм.

 Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2020 оны 05-р сарын 25-ны өдрийн морин цагаас эхэлж дагаж мөрдөнө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)