Хойд Солонгос Японы эрдэмтдийг урив

Хойд Солонгосын удирдлагууд сансарт пуужин хөөргөхөөр бэлдэж байгаа нь хэдийнэ ил болсон.
Хойд Солонгосын удирдлагууд сансарт пуужин хөөргөхөөр бэлдэж байгаа нь хэдийнэ ил болсон. Тус улсыг пуужин хөөргөхийг АНУ, Өмнөд Солонгос, Япон тэргүүтэй орнууд эсэргүүцсэнээс гадна тэдэнд Хойд Солонгосын холбоотон гэж цоллуулдаг Хятад Улс хүртэл Пхеньяний эрх баригчдын эл үйлдэлд санаа зовж байгаа аж. Япон Улс “Хэрвээ Пхеньяний эрх баригчид пуужин хөөргөвөл замаас нь устгана” гэж мэдэгдэн сөнөөгч хөлөг онгоцоо илгээж байсан юм. Гэсэн ч Японы эрх баригчид удалгүй хөлөг онгоцоо татсан билээ. Харин үүний дараа Хойд Солонгосын албаныхан Японы Сансрын судалгааны агентлагийн төлөөлөгчдийг эх орондоо албан ёсоор урьж байгаагаа мэдэгдэв. Албаныхны мэдэгдсэнээр Пхеньяний эрх баригчид Японы төлөөлөгчдийг пуужин хөөргөх ажиллагаанд ажиглагчаар оролцохыг санал болгосон аж. Хойд Солонгос энэ сарын 12-16 дотор сансарт пуужин илгээх бөгөөд пуужинг судалгаа шинжилгээ, харилцаа холбоо зэрэг энхийн зорилгоор ашиглах хиймэл дагуул бүтээх ажлын хүрээнд туршиж үзэх гэж буйгаа харуулахыг зорьсон гэнэ. Үүнээс өмнө Япон, АНУ, Өмнөд Солонгос улсууд “Хойд Солонгосыг цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасагч пуужин бүтээхээр сансарт пуужин хөөргөж үзэх гэж байна” гэж шүүмжилсэн билээ. Ямартаа ч Японы эрдэмтэд Пхеньяний урилгыг хүлээн авсан байна. Түүнчлэн Токиогийн эрдэмтдийн тооцоогоор Хятадын зүүн тэнгисийн орчмоос хөөргөх Пхеньяний пуужин бүтэлгүйтвэл Японы газар нутагт унах гэнэ.
www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)