Хятадын Өмнөд Хөх Мөрний цалгиа
- 2019-12-25
- Нийтлэл
- 0

(Аян замын тэмдэглэл)
Монголын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн судалгааны баг төслийн ажлын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-нд зорчиж, Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн судлаачидтай дугуй ширээний уулзалт хийлээ.

Аяллын хөтөлбөрийн дагуу Өвөр Монголын Байгалийн музейгээр зочлов. Тус музей нь Өвөр Монголдоо хамгийн томд орох музей бөгөөд орчин үеийн техник технологийн ололтыг нэвтрүүлсэн үзэмж төгөлдөр сайхан музей ажээ. Өвөр Монголын хөгжлийн түүхэн замналыг харуулсан үзмэрүүдийн зэрэгцээ аварга биет үлэг гүрвэлийн чулуужсан яс, түүнчлэн дуугарч хөдөлдөг хиймэл үлэг гүрвэлийг байрлуулсан нь үзмэрийг сонирхолтой болгожээ. Өвөр Монголын нутаг дэвсгэрээс 145 төрлийн эрдэс баялагийг илрүүлсэн нь Хятадын нийт байгалийн баялагийн 84,3%-ийг эзэлдэг байна. Музейд энэхүү байгалийн үнэ чулуунуудыг дэлгэн тавьжээ.



Бидний аялал цааш үргэлжлэн Хөх хотоос Ханжоу хүртэл нисээд цааш Ниньбо хот хүртэл 300 гаруй км. газрыг 2 цаг орчим автобусаар явсаар олон улсын сүлжээ зочид буудал болох таван одтой тансаг зэрэглэлийн “Sheraton” зочид буудалд буулаа. Өвлийн хүйтнээс ирсэн бидний хувьд нэмэх 12 хэмийн дулаан, зөөлөн чийглэг уур амьсгал угтсан нь намрын дулаан өдрүүдийг санагдуулж байлаа. Далайн боомтын ачаа эргэлтээрээ дэлхийд гуравт, БНХАУ-даа нэгдүгээрт орох, техник технологийнхоо хүчин чадлаар дэлхийд тэргүүн байрын төлөө өрсөлдөж буй Нинбогоор аялах таатай боломжийг ийнхүү бидэнд олгосон юм. Маргааш нь буюу 12 дугаар сарын 6-ны өглөө автобусандаа суугаад Жоушан далайн гүүрээр 2 цаг яваад, цааш усан онгоцоор явж, Хятадын Зүүн Өмнөд тэнгисийн Жоушан арал дээрх Путуо ууланд хүрлээ. Энэхүү ууланд байрлах хамгийн том сүм болох Путуо сүм болон Гуанин Будда хэмээх 33 метрийн өндөр дарь эхийн хөшөөны орчим саатан далайн эргээс Хөх мөрөн гэж нэрлэх хэдий ч бор шар өнгийн далайн усны давалгааг тольдон байлаа. Путуо сүмийн доторх бурхад болон Гуанин Будда дарь эхийн хөшөөнд мөргөх хүмүүс өөрийн эрхгүй анхаарал татах аж. Учир нь настай хүмүүс гэхээс илүүтэй ганган хээнцэр хувцасласан залуучууд хүж өргөн гурван зүгт гурвантаа доош тонгойн мөргөх нь сүсэг бишрэл туйлын гүн гүнзгий байгааг илтгэнэ. Хамаг амьтаны тусын тулд залбирч байгаа нь юу л бол, гагцхүү өөрийн хүслийг биелүүлж өгөхийг гуйж буй болов уу гэсэн сэтгэгдэл төрж байв.



.jpg)



.jpg)
.jpg)
Дараа өдөр нь Нинбо хотоос 40-иод км –ийн зайд орших Жэжянь мужийн Сикоу тосгонд орших Чан Кайшигийн гэр музейгээр зочиллоо. Энэ нь бүхэл бүтэн нэг гудамжийг эзлэх бөгөөд Чин гүрний үеийн барилга байгууламж байх аж. Чан Кайши Хятадын иргэний дайнд Мао Цэдуны удирдсан коммунистуудад ялагдан Тайвань арал руу зугтан, эх газрын Хятадаас тусдаа БНХУ-ыг байгуулсан. 1971 оныг хүртэл АНУ-ын дэмжлэгийг авсан Чан Кайши Хятадыг НҮБ-д төлөөлөн сууж байв. Ээж болон анхны эхнэртэйгээ амьдарч байсан гэр, хоёр дахь эхнэр болох Сун Мей Лины гэр, Чан Кайшигийн хувийн номын сантай танилцлаа. Хятадын түүхийн нэг хэсэг болохын хувьд Чан Кайшигийн гэр музей, гудамжийг аялал жуулчлалыг татах газар болгосон нь анхаарал татаж байв.


.jpg)
.jpg)

Үдийн хоол идсэний дараа цааш нэг цаг хагас автобусаар давхисаар Мейшан аралд очиж боомтын музей үзэхээр ирлээ. Нинбо хотоос зүүн зүгт, эх газраас ердөө 500 орчим метрийн зайд байрладаг бөгөөд Янцзы голын дэргэд орших Нинбо-Жоушан боомтын төв юм. Мейшан арал нь олон улсын усан зам, зүүн талаараа Анхан боомт, баруун талаараа Сяншан боомт, хойд зүгт Бейлун гол боомт, урд талаараа Жоушан Лючэн, Фоду боомттой залгадаг.
Нинбо боомт нь Жэжян мужийн эргийн баян мужид оршдог бөгөөд эх газрын Хятад дахь хамгийн чухал боомт юм. Дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгийн 550 гаруй боомт бүхий эдийн засгийн худалдааг хөгжүүлдэг. Нинбо боомт саяхан Жоушан боомтоор нэгдэж, ачаа тээвэрлэх төв байгуулжээ. Нинбо хотын Жоушан усан боомтоор 1973 онд нүүрс ачиж эхлээд 1975 оноос далайн тээврийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 2008 оноос хувьцаат компани болж, 2010 онд биржид бүртгүүлэн, 2016 оны 11 сард Нинбо болон Жоушан хоёр усан боомт ижил төстэй үйл ажиллагаагаа нэгтгэн нэгэн хүчирхэг боомт болж өргөжжээ. Ингэснээр 15 секундэд нэг чингэлэг ачиж, энэ хурдаараа дэлхийд тэргүүлэх хэмжээний хүчин чадалтай болох юм. Энэ боомтод нефть тээвэрлэдэг дэлхийн хамгийн том Тайву нэртэй 71545 тн даацтай, 15 давхар усан онгоц байхаас гадна гадаадын том том усан онгоцуудыг хүлээн авах хүчин чадалтай, дэлхийн зуу гаруй улсын 600 гаруй усан боомттой харилцаатай юм. 2018 онд тус боомт 20 сая чингэлэг хүлээн авч ачсанаараа дэлхийд тэргүүлжээ.
.jpg)
Аяллын сүүлийн өдөр Нинбо хотын зүүн зүгт орших Хятадын хамгийн эртний хувийн номын сангаар орлоо. Дэлхий дээр эртний гар бичмэл бүхий 3 номын сан байдгийн нэг нь энэ номын санд байдаг ажээ. Тус номын санг Мин гүрний түшмэл Фан Чин 1561 онд байгуулсан байна. Чин гүрний үед Цяньлун эзэн хаан номын санг үзсэний дараа энэ загвараар эзэн хааны 7 номын сан байгуулах тушаал гаргасан бөгөөд нэг нь Хориотой хотод байрладаг байна. Музейд Хятадын уран зураг, уран бичлэг тэргүүтнийг байрлуулсны зэрэгцээ, мажон тоглоомыг үндэслэгч болон мажон тоглоомын төрлүүдийг дэлгэн харуулсан байна.



Аялалын явцад ажиглагдсан нэг зүйл бол таксинд суугаад төлбөрөө төлөхөөс авахуулаад том брэндийн их дэлгүүрүүдэд хүртэл бэлэн мөнгө, тэр ч байтугай манайхан шиг картаар төлбөр тооцоо хийж байхыг олж харсангүй. Хөгшин залуугүй бүгд л гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийж байна. WeChat нь Facebook шиг найзуудтайгаа чатлах, видео уулзалт хийх, үзэл бодлоо бусадтайгаа хуваалцах, олон улсын мэдээ, мэдээлэл авах зэрэг мэдээлэл, харилцааны үндсэн хэрэгсэл байхаас гадна өөр хоорондоо мөнгө шилжүүлэх, онлайнаар төлбөр тооцоогоо хийх боломжтой олон нийтийн сүлжээний хэрэгсэл юм. Өдгөө нийтдээ 900 сая хэрэглэгчидтэй бөгөөд тэдний 830 сая нь тус аппликэйшнийг төлбөр тооцоондоо ашигладаг байна. WeChat нь зөвхөн чатлах бус өдөр тутмын төлбөр тооцооны үндсэн хэрэгсэл болж чадсан нь Tencent группийн хамгийн том амжилт гэж хэлж болно. Хэрэглэхэд маш хялбар бөгөөд бизнес эрхлэгчдийн хувьд заавал олон төрлийн POS машинуудыг кассан дээрээ тавилгүйгээр дан ганц баганан код наагаад тавихад л хангалттай. Түүнийг нь худалдан авагч өөрийнхөө гар утсан дээрээ уншуулаад л, нийт төлбөл зохих дүнг бичээд л болоо. Ердөө хэдхэн секундийн л ажил. Хятадын мобайл төлбөр тооцооны нийт дүн 5.5 их наяд ам.долларт хүрсэн нь АНУ-ын дүнгээс 50 дахин их гэж бодохоор Хятад улс мобайл төлбөр тооцооны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгааг бэлхнээ харж болно.
Бид нар Хятад руу явах үед фэйсбүк ажилладаггүй хэмээн цухалдангуй байдаг. Тийм ээ, Хятад улс 2009 онд фэйсбүүк хэрэглэхийг хориглосон бөгөөд Марк Зукерберг хэд хэдэн удаа тус улсад айлчилж, Си Зиньпинтэй уулзсан ч асуудлыг өөрчилж чадаагүй юм. Гэвч энэ нь “интернет” сүлжээний эрин үед сүлжээний технологиор хоцрогдсон гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ Хятадын интернет хэрэглэгчдийн тоо хөгжингүй орнуудын хэрэглэгчдийг нийлүүлсэнтэй тэнцэж байна. Хятадын компаниуд шинэ үеийн интернет технологийн салбар дахь хөгжлийг илтгэх Хуавэй компани 5G хөдөлгөөнт харилцаа холбооны технологиор дэлхийд тэргүүлж, энэ салбарт үсрэнгүй хөгжлийг авчраад байгаа юм.
Нямдолжин

Сэтгэгдэл (0)