Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг улс орон даяар зохион байгуулна
- 2020-01-04
- Улс төр
- 0

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 15 цаг 52 минутад эхэлж, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 31 дэх заалтын 2 дахь хэсгийн “эсхүл тээвэрлэгч” гэснийг, 2.4 дахь заалтын “зорчигч нь” гэснийг, 2.5 дахь заалтын “зорчигчид” гэснийг, мөн заалтын “төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний” гэснийг тус тус хасаж, 3 дахь хэсгийн “авалгүйгээр” гэснийг “аваагүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслээр” гэж өөрчилж, 5.7, 5.8 дахь заалтыг “5.7.усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн”, “5.8.бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй усан замын тээврийн хэрэгслээр хөвөлтөд гаргасан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” хэмээн өөрчлөн найруулахыг дэмжсэн юм. Түүнчлэн төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг эл найруулгаар төсөлд тусгахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив. Мөн химийн хорт, аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нь зүйтэй хэмээн дэмжлээ.
Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг дээрх найруулгаар төсөлд тусгах юм. Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас олгосон зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хог хаягдлын төвлөрсөн цэгт аюултай хог хаягдал, халдвартай хог хаягдал, эсхүл шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдал булшилсан, шатаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хэмээн өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн.
Үргэлжлүүлэн аюултай хог хаягдалтай холбоотой зөрчил, хүүхдийн эрхийн зөрчил, Нийгмийн даатгалын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтуудтай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг томъёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төсөлтэй холбоотой найруулгын шинжтэй гурван санал, Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Конвенц соёрхон батлах тухай хуулийг баталлаа
Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Европын холбооны зөвлөлийн татварын асуудлаар хамтран ажилладаггүй бүс нутгийн жагсаалтаас гаргах, татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2019 оны 157 дугаар захирамжийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зурсан. Тус конвенцыг соёрхон баталснаар манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг амлалт бүрэн биелэх бөгөөд дэлхийн 130 гишүүн улстай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэнэ гэдгийг Н.Энхболд сайд танилцуулгадаа онцолсон. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан юм. Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Дараа нь төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.4 хувь нь дэмжив. Ийнхүү “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хууль батлагдсан тул Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж, танилцуулсан.
УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
“Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төслийн талаар танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” хэмээн заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох заалтын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх тогтоолын төслийг боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Мөн уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг орон даяар зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажилд шаардагдах зардлын төсвийг баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт зөвшөөрөхөөр тусгажээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг улс орон даяар зохион байгуулах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгахаар тусгасан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авсан юм. Улсын Их Хурлын гишүүдээс анхааруулж буй санал, холбогдох бусад хуульд нийцүүлэх ажлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхаарах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгөөд, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл (0)