Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ
- 2020-01-07
- Улс төр
- 0

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
- Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
- Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
- Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
- Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
- Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
- Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
- Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар,
- Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах юм байна.
Эдгээр газрууд нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд тусгай хамгаалалтад авснаар улсын тусгай хамгаалалттай газрын талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэх ажээ. Тодруулбал, Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн хэмжээ нийт газар нутгийн 20.94 хувьд хүрэх юм байна.

Сэтгэгдэл (0)