Сирийн хүчирхийллийг энхийн замаар зогсоох сүүлчийн боломж

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Арабын лигийн орнуудын шат дараатай арга хэмжээ, Сирийн ард түмний уйгагүй тэмцэл Башар аль Ассадыг шаардлага хүлээн авахаас өөр гарцгүй болгосон.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Арабын лигийн орнуудын шат дараатай арга хэмжээ, Сирийн ард түмний уйгагүй тэмцэл Башар аль Ассадыг шаардлага хүлээн авахаас өөр гарцгүй болгосон. НҮБ болон Арабын лигээс Сирийн хүчирхийллийг зогсоох тусгай элчээр томилогдсон нэрт дипломатч Кофи Аннаны боловсруулсан зургаан үндсэн заалт бүхий энхийн төлөвлөгөөг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад хүлээн авсан билээ.
 Уг төлөвлөгөөний хэрэгжиж эхлэх цаад талын хугацаа энэ сарын 10-ний өдөр. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Сири, Орос, Хятадад зочилж тэндхийн эрх баригчидтай уулзан энэхүү төлөвлөгөөг боловсруулсан юм.
АНУ тэргүүтэй барууны орнуудыг Сирийн хүчирхийллийг цэргийн хүчээр зогсоохыг эрс эсэргүүцсэн Москва, Бээжингийн эрх баригчид нэрт дипломатчийн төлөвлөгөөг зөвшөөрч, уг төлөвлөгөө Сирийн хүчирхийллийг энхийн замаар зогсоох сүүлчийн боломж гэж онцолж байсан юм.
Энэ төлөвлөгөөний үндсэн зургаан заалтад Сирийн Засгийн газрын цэргүүд, тус улсын сөрөг хүчний дайчдыг хоёулаа галаа зогсоох, улстөрийн хоригдлуудыг суллах, хүмүүнлэгийн тусламжийг бүх бүс нутагт хүргэхэд саад хийхгүй байх, холбоо, хөдөлгөөний эвлэлдэн нэгдэх, жагсах эрх чөлөөг боомилохгүй байх, улстөрийн шинэчлэл явуулах, энэ бүх үйл ажиллагааг НҮБ-д хянах боломж олгохыг тусгажээ.
Сирийн Засгийн газрын дэмжсэн уг төлөвлөгөө хэрэгжиж эхлэх сүүлчийн хугацаа буюу энэ сарын 10-наас хойш 48 цагийн дотор сөрөг хүчин галаа зогсоох ёстой юм. Харин энэ асуудлаар Сирийн сөрөг хүчнийхэн Кремлийн эрх баригчидтай хэлэлцэхээр болсон байна. Тэд энэ сарын 17-нд Москвад газардах бөгөөд хоёр өдрийн хугацаатай зочлох аж.
Үүнээс өмнө буюу энэ сарын 10-нд Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Сирийн Гадаад харилцааны сайд Валид аль-Муалемтай уулзана. Энэ үеэр тэд сөрөг хүчин болон төлөвлөгөөний талаар ярилцах нь тодорхой билээ.
НҮБ-ын тооцоогоор өнгөрөгч оны гуравдугаар сард Сирийн ард түмэн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн дэгдээснээс хойш тус улсад 9000 гаруй хүн амь үрэгджээ. НҮБ Башар аль-Ассад тэргүүтэй Сирийн эрх баригчдыг ард түмнийхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаад буруутгасан бол тэд “Аль-Кайда”-тай холбоотой “зэвсэглэсэн террорист бүлэг”- үүд хүчирхийллийг гааруулж байна гэж НҮБ-ын шүүмжлэлийг няцааж байсан юм.
Гэсэн ч К.Аннан мухардалд орсон хоёр талын гацааг гаргаж чадсан юм. Тэрбээр Сирийг төлөвлөгөөг заасан хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд шинэ дарамт үзүүлэхээр Иранд айлчлахаар болжээ. К.Аннан ирэх долоо хоногт Иранд айлчилж Сирид дарамт үзүүлэхийг Тегераны эрх баригчдаас хүсэх бөгөөд тэдний дэмжлэг төлөвлөгөөг хэрэгжихэд бага ч болов нөлөөлнө гэж үзжээ.

 Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)