Нийтийн зориулалттай орон сууцны эд хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн зохицуулалт сайжирна
- 2020-01-09
- Нийгэм
- 0

Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан, үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, орон сууцны ашиглалтыг хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ, эрх үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн механизмыг бий болгох, түрээсийн орон сууцны зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

Сэтгэгдэл (0)