Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулснаа зарлан, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах талаар хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн.

Монгол Улсын хувьд тус жагсаалтаас гарахгүй удсан тохиолдолд эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн Сангийн сайд мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар байгуулж, энэхүү ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсыг ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тиймээс хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д тавигдах хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор хуулиудын төслийг боловсруулсан гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зарим нэр томъёог тодорхой болгох, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Олон Улсын Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагаас манай улсад тодорхой зөвлөмжүүдийг ирүүлж байгаа бөгөөд тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг шийдвэрлэхэд ахиц гарахгүй байгааг дурддаг, үүнийг хуулийн төслөөр шийдвэрлэсэн эсэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саарал жагсаалтаас гарах талаар авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө болон гарч байгаа хүндрэлтэй асуудлын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд авлигын гэмт хэргээс үүдэлтэй эдийн засагт учирч буй хохирол, түүний тооцоо, судалгаа, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шийдсэн байдал яагаад тийм цөөн байгаа талаар тодруулж байлаа. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн дараа нь нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт уншиж танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийхээр заасантай холбогдуулан Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэхтүүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийгхийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүдээс санал хэлсэн бөгөөд УИХ-ын даргаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ гишүүдээс гаргасан санал болон төсөл, түүний хавсралтын үг, найруулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын дэд хэсгийг байгуулан ажиллалаа хэмээн танилцуулсан юм.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед тогтоолыг дагаж мөрдөх хугацаа, тогтоолын хавсралтад “төрийн нийтийн өмч”-ийн зохицуулалттай холбоотойгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар нэмэх болон хавсралтаас зарим давхардсан хуулийн төслийг хасахтай холбоотой зарчмын зөрүүтэй 4 санал, тогтоолын төслийн хавсралтын үг, найруулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалтай нийцүүлэх найруулгын шинжтэй 3 бүлэг саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэлээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)