Косовог Европын холбоо, НАТО-д элсүүлнэ
- 2012-04-06
- Дэлхий
- 0
АНУ Косовог Европын холбоо болон НАТО-д элсэхэд тусална гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэв. 

АНУ Косовог Европын холбоо болон НАТО-д элсэхэд тусална гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэв. Хатагтай Клинтон Косовогийн Ерөнхий сайд Хашим Тачийг Вашингтон хотод хүлээн авч уулзсаны дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр “Косовог Европын холбоо, НАТО зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсүүлснээр тус улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдал бэхжинэ гэдэгт би итгэж байна” гэж хэлжээ. Түүнчлэн “АНУ Серб, Косовогийн хоорондох маргаантай асуудлыг шийдэхэд Европын холбоотой хамтарч ажиллан Косовод үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлсээр байх болно” гэж Х.Клинтон нэмж хэлжээ. Сербээс салан тусгаарлаж НАТОгийн дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо зарласан Косовод Сербийн эрх баригчид ирэх сарын 6-нд орон нутгийн сонгууль явуулахтай холбогдуулан тус хоёр улсын харилцаа улам муудсан энэ үед Х.Тачи АНУ-д айлчилж байгаа юм. Хэдийгээр Косовог дэлхийн олон орон тусгаар тогтносон, бүрэн эрхт улсаар хүлээн зөвшөөрсөн ч Сербийн эрх баригчид тус улсыг одоог хүртэл өөрийн нэг муж гэж үздэг байна. Х.Клинтон Косовог Европын холбоонд нэгдүүлж эдийн засгийг нь хөгжүүлэх үйл явцад онцгой анхаарч ажиллах гэнэ. Х.Тачигийн хэлснээр тус улсын эдийн засаг энэ онд таван хувиар өссөн байна. Одоогийн байдлаар Косовог АНУ, Европын холбооны голдуу дэлхийн 90 орчим орон хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Тус улс 2008 онд Сербээс тусгаар тогтнолоо зарлажээ. Косовог Сербээс гадна ОХУ тусгаар улсаар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)