Залуу гэр бүлийн 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг хүсчээ
- 2020-01-21
- Нийгэм
- 0

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 20 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдгийг илтгэлд дурдав. Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өссөн байгааг тоон мэдээллээс харж болох юм. Холбогдох судалгаанаас харахад монголын гэр бүлд нэн тэргүүнд ахуйн анхдагч хэрэгцээ хангах асуудлыг шийдвэрлээгүй байдаг байна.
3 гэрлэлт тутмын 1 нь санхүү, 5 гэр бүл тутмын 1 нь орон байрны асуудалтай байгаа талаар холбогдох судалгаанд дурдсан байгаа аж.
Түүнчлэн судалгаанд хамрагдсан залуу гэр бүлийн 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэгдүүлэх боломж олгохыг хүсчээ. Судалгаанд оролцогчдын 55.3 хувь нь гэр бүлийн зөрчил маргааны шалтгаан санхүү, өр зээл гэсэн бол согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хэмээн 15.7 хувь нь, хүүхдийн асуудлаас үүдэлтэй хэмээн 15.3 нь хариулжээ.
Гэр бүл цуцлалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд гэр бүр урт хугацааны турш хамт зүтгэсэн ч материаллаг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь гэр бүлээ цуцлуулах шалтгаан болдог хэмээн дүгнэж болно хэмээн сайд танилцуулгадаа дурдсан. Өрхийн санхүүгийн хүртээмжгүй байдал, хосын тааламжгүй харилцаа, хүчирхийлэл, гэр бүл цуцлалтын үр дагавар хүүхдэд хүндээр тусч, эрх нь зөрчигддөг.
Сүүлийн жилүүд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажил хийгдэж, олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гарч, эрүүл нийгмийн орчинд иргэд, эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хариуцлага, оролцоо нэмэгдэж, гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг бүрэн дүүрэн хангах, эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал тавьж, зөв хүмүүжүүлэх, эерэг хандлагатай болгох, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг сахин хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна гэлээ:

Сэтгэгдэл (0)