Профессор И.Пүрэвдорж багшийн гүтгэлэгт хариу залруулга хийх нь

Юуны түрүүнд Эрхэм хүндэт багш, проф И. Пүрэвдорж Таныхаа энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье. Багшийнхаа “Өдрийн сонин”-д надад хандаж бичсэн өгүүлэлд бага зэргийн залруулга хийе гэж бодлоо. Багш маань сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, профессорын тэтгэлгээ авах гэж сургуулиар хаяа ирдэг учир буруу, дутуу дулимаг мэдээлэлтэй байж болзошгүй юм.

  1. Та намайг хууль бусаар захирал болсон гэж бичсэн байна. Миний бие БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн Б\63 тоот тушаалаар 2018 оны 7-р сарын 9-ны өдөр буюу Даваа гараг, ажлын өдөр томилогдсон. Төрийн сайд тушаалаа ажлын өдөр гаргасан байна. Тушаал гарсан нотолгоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний аудитын газар, МХЕГ, БСШУСЯ-ны  төлөвлөгөөт шалгалтуудаар илэрсэн зөрчил, дутагдал, тавигдсан акт, албан шаардлагуудаар харж болох юм
  2. Намайг та сонгон шалгаруултад ороогүй гэжээ. Төрийн их, дээд сургуулиудын захирлуудын дийлэнх нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж  байна. 2018 оны 11-р сард сонгон шалгаруулалт зарлахад захирал асан Г.Батбаатар нь өөрөө болиулсан сураг байсан. Сонгон шалгаруулалт зарлавал ороход би бэлэн.Түүх дурьдвал ЭМШУИС-ийн захирал Л.Лхагвасүрэнг халахад ердөө урд өдөр нь хэлээд л маргааш нь ажил хүлээлцэж үүрэг гүйцэтгэгчээр Н.Сүмбэрзулыг томилж, 9 сарын дараа Г.Гантөмөр сайдын тушаалаар Г.Батбаатар томилогдсон байдаг.
  3. Та намайг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр гутлаар шидүүлж хөөгдсөн гэж бичжээ. 2018-2019 оны хичээлийн шинэ жил болоход аль хэдийн ажил маань жигдэрчихсэн байсан бөгөөд хичээлийн нээлт маш сайхан болж, багш ажилчдынхаа цалинг 10-15 хувиар нэмж,  сурч ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, судалгааны сургууль болох төлөвлөгөө, зорилтоо танилцуулж, энэ сургуульд 25 ба түүнээс дээш жил ажилласан професрууддаа насан туршийн профессорын тэтгэлэгийг анх удаа олгох болсонд эрдэмтэн багш, профессорууд, сургуулийн хамт олон  маань дуу нэгтэйгээр талархан хүлээн авч, сэтгэл өндөр байсан. Зааланд захирал асан Г.Батбаатар, хангамжийн дарга асан Ц.Батхуяг нар сууж харагдсан. Гучин минут үргэлжилсэн нээлтийн үйл ажиллагааны үеээр тэд ганц үг дуугараагүй мөртлөө, хурал дуусч багш, ажилчид тараад явсаны дараа зааланд үлдэж гутлаа шидэж байгаа юм шиг зургаа авахуулж хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр тавьж ядмагхан сэтгэсэн арга арга хэрэглэж хэвлэлээр цацсандаа энэ хүмүүс ичих хэрэгтэй. Дараа нь энэ мэдээллийг хараад манай сургуулийн багш, ажилчид яаж ийм юм санаанд нь ордог байнаа гэж ярьцгааж, академик байгуулллагын нэр хүндэд халдсан зохисгүй үйлдэл боллоо гэж дүгнэж, нээлтийн арга хэмжээний үеэр үгээ хэлчихэж болоогүй юм байх даа гэж хошигнож байсан. Би тэдгээр хүмүүсийг ийм увайгүй, арчаагүй ёс суртахуунгүй үйлдэл хийснийг ойлгоогүй. Ёстой яаж ийм санаа эрүүл хүний толгойд ордог юм бол.
  4. Г.Батбаатар захирал надад Био Ангаахын сургуулийн захирал болмоор байна гэж хэлсэн. Би түүнд тэр албан тушаал дээр таны томилсон шавь тань ажлаа хийж байна. Та сургуульдаа профессороор ажиллахгүй юм уу гэж асуусан, өөрөө Эрдмийн сургуулийн захирал больёо гэж хэлсэн хүсэлтийнх нь дагуу тус сургуулийн захирлаар томилж тушаалаа тэр өдөртөө гаргаж, түүнд гардуулж өгсөн. Бид хоёрын хооронд ярьж тохирсон зүйл байсан. Гэтэл тэр амлалтаасаа буцаж эр хүн шиг байж чадаагүй. Удалгүй түүний тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн компанитай 358 сая төгрөгийн гэрээ байгуулж сургуульд их хэмжээний хохирол учруулах гэж байсан үйлдлийг таслан зогсоож ажлаас нь чөлөөлсөн.
  5.  Та сургуулийн Эрдмийн зөвлөлийн талаар хэлэхдээ “Эрдмийн зөвлөлийг өөртөө талтай хүмүүсээр бүрдүүлсэн” гэж хэлжээ. Сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан хүн байж сургуулийнхаа Эрдмийн зөвлөлийн талаар ийм муухай буруу ташаа ойлголттой байна гэдэгт би харамсаж байна. Та Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн болохдоо тухайн үеийн захиралдаа талтай байсан учир Таныг томилсон юм уу? Өнөөдөр АШУҮИС-ийн эрдмийн зөвлөлд ШУА-ийн 3 гишүүн, Анагаахын шинжлэх ухааны 8 доктор, Эм зүйн шинжлэх ухааны 1 доктор, бусад нь бүгд Анагаах ухааны доктор профессор байна. Эдгээр хүмүүс бүгд тантай мөр зэрэгцэн ажиллаж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж эх орон, ард түмнээсээ алдар гавьяагаа хүртсэн, эрдмийн зэрэг цолоо үнэнч шударгаар авсан манай анагаах ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд билээ. Харин би Эрдмийн зөвлөлийн дүрэмдээ өөрчлөлт оруулж Эрдмийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг салбар эрдмийн зөвлөөлөөсөө нууц санал хураалтаар  Эрдмийн зөвлөлд оруулж ирдэг шударга ёсыг тогтоож байна.
  6. Та “Клиникийн профессор цол”-ыг өвлийн өвгөний бэлэг болгон тараасан гэж хэлсэн байна. Клиникийн профессор цолыг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж жилд нэг удаа олгодог дүрэмтэй. Тэр дүрмийнхээ дагуу явж байгаа. Жил болгон ижил тоогоор төгсдөг төгсөгчдийнхөө баярыг тэмдэглэдэг “Алтан гагнуур” гэдэг баяраар он удаан жил ЭМ-ийн салбарт ажиллаж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зүтгэсэн төгсөгчиддөө албан газрынх нь тодорхойлолт, эмнэл зүйн туршлага, сургуульдаа оруулсан хувь нэмрийг нь үнэлж клиникийн профессор цол өгч ирсэн уламжлал бас байдаг юм билээ. Би тэрийг зохиогоогүй.
  7. Та 50 жил энэ сургуульд ажилсан, хүү, ач, зээ нар минь хүмүүжсэн гэж ярих мөртлөө өөрийн зааж сургасан, өсгөж хүмүүжүүлсэн шавь нараа дэндүү муухай хэлэх юм аа. “Дарга нарт тал засаж, хойно урд нь гүйж, бялдуучлан амь зуудаг өрөвдөлтэй амьтас” гэж шавь нарынхаа талаар бичжээ.  Мөн “ Шавь маань эрдэм чадлаараа тийм ч сайнгүй нэгэн...” гэжээ. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг байхаа. Багш нь ямар байна шавь нь тийм байх байлгүй дээ. Та яах гэж тийм шавь нарыг төрүүлсэн юм бэ. Тийм муу хүмүүс энэ сургуульд  орон тоо бөглөж байгаа бол та нэрээр нь хэлнэ үү. Одоо надтай хамт ажиллаж байгаа бүх удирдлагын 95 хувь Г.Батбаатар захирлын үед хамтарч ажиллаж байсан хүмүүс шүү дээ. Эд нар маань таны хэлснээр бялдууч, өрөвдөлтэй амьтас уу? Би тэгж бодохгүй байна. Профессор хүн ажиллах албан тушаал дээр профессор биш хүнийг Г.Батбаатар томилсон байсан учир тэдгээр 8 анагаах ухааны доктор, хоёр нь дэд профессор багш нарт (Дэд захрал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, ШУТГ-ын дарга)  хийсэн ажлаа үргэлжлүүлэх боломжийг олгож 2 жилийн дотор профессор цол авах үүргийг өгч нэгэнт профессорын албан тушаал дээр байгаа учир Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар хуралдаж хэлэлцэж “Албан тушаалын профессор” цолыг Эрдмийн зөвлөлийн дүрмийн 3.2-т заасны дагуу 2 жилийн хугацаатайгаар  Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр олгосон байсан. Яагаад өөрөө томилчихоод өөрөө хаяагаа хадарч байгаа юм бол оо. Энэ багш хүнд, эр хүнд байх чанар мөн үү??? Таны хүү П.Эрхэмбулган АШУҮИС-ийн Анагаах ухааны хүрээлэнгийн захирлаар одоог хүртэл ажиллаж байгааг багш Та мэдэж байгаа байлгүй дээ.
  8. Та 650 сая төгрөгийг хуйвалдан хуваан авсан гэж гүтгэсэн байна. АШУҮИС-ийн ШУТ-ийг дэмжих сангаас зарлагддаг төслийг Эрдмийн зөвлөл өөрөө сонгон шалгаруулж, өөрөө тайлангаа хүлээн авдаг байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байсан ба Монгол Улсын тэргүүлэх их сургуулиуд болох МУИС, ШУТИС энэ аргыг аль хэдийн 2012 онд халж, хараат бус шинжээчдийг томилон, шинжээчдийн нууцлалыг чанад хадгалж, шинжээчид нь бие биенээ огт мэдэхгүйгээр төслийг уншин танилцаж, сонгон шалгаруулалтыг  явуулж Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал нь гэрээ байгуулан санхүүжилтийг олгож, Эрдмийн зөвлөлөөрөө төслийнхөө тайланг хэлэлцдэг хэлбэр лүү орсон байна. Бид эрдэм шинжилгээг эрчимтэй хөгжүүлэх, судалганы сургууль болох зорилтынхоо хүрээнд эрх зүйн шинэчлэлийг хийж 7 журмыг шинээр боловсруулж анх удаагаа нийт докторын зэрэгтэй эрдэмтдийнхээ дунд шинжээчийн сонгон шалгаруулалтыг зарлаж шалгуур хангасан 78-аас 27 шинжээчийг сонгон 8 ангилалын хүрээнд 60 төсөл дээр сонгон шалгаруулалтыг хийж, хөндлөнгийн хараат бус шинжээчид дүгнэлтээ гаргаж 20 төслийг шалгаруулсан билээ. Энэ аргачлал руу шилжсэнээр төслийн тоо ахиж, эрдэмтэн багш нар маань талархан урам зоригтой байгаа билээ. Одоог болтол төслийн санхүүжилтийг өгөөгүй байгаа бөгөөд 650 сая төгрөгийг хуйвалдан хуваан авсан гэж гүтгэсэн нь маш ёс зүйгүй, өөрөө тэр аргаар явж ирсэн, маш сайн мэддэг хүн шиг сэтгэгдэл төрүүлж сургуулийн эрдэмлэг хамт олныг гутаан, гүтгэн доромжилж байна гэж үзэж байна. Та үүнийхээ төлөө уучлалт гуйх учиртай. Эс тэгвээс зохих хууль хяналтын байгуулагад хандаж хамт олныхоо болон өөрийн  нэр төрөө сэргээлгэх болно. Мөн Та Шинжлэх ухаан технологийг дэмжих сангаас манай сургууль дээр хэрэгждэг 70 сая төгрөгийн төслийг 2014 онд аваад огт ажил хийгээгүй байна гэсэн дүгнэлтийг өчигдөр болсон ШУТ-ийг дэмжих сангаас ирсэн шалгалтаар илэрч, төслийг зогсоож, мөнгийг буцаан төлүүлэх хүртэд асуудал тавигдсан. Та үүндээ ямар хариулт өгөх вэ???
  9. Таны дурдаад байгаа хүн халагдсан гэх нэрсүүд дотор ганц Ц.Батхуяг, Хангамжийн газрын дарга хийж байсан, Г.Батбаатарын ангийн хүүхэд, хууль тогтоомжууудыг зөрчсөний улмаас халагдсан болох нь үнэн. Бусад нэр дурдагдсан хүмүүс нь бүгд сургуульдаа тус бүр хариуцсан ажлаа хийж байна. Нягтлан бодогч нарын хувьд Үндэсний аудитын газрын шалгалтаар онц ноцтой санхүүгийн зөрчил гаргаж хамаарал бүхий этгээдийнхээ данс руу байгууллагын мөнгийг шууд шилжүүлсэн асуудлаар акт тавигдаж халагдсан. Нэг л жишээг дурьдахад энэ. Бусад хүмүүсийн талаар бичихээ больёо доо.
  10. Та намайг өөрийн аавдаа “Хүндэт профессор- цол олгосон гэж бичжээ. Энэ нь мөн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр шийдэгддэг асуудал юм. Миний аав З.Жадамба нь АУДС-ийг буюу энэ сургуулийн төгсөгч. Монгол улсаас НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ДЭМБ-д ЗӨАБ-ийн орлогч захирлын тушаалыг хашиж, D1-8 албан тушаалд хүрсэн анхны Монгол хүн бөгөөд одоогоор тийм албан тушаалд хүрсэн хүн хараахан төрөөгүй байна. Мөн НҮБ-ын нэг байгуулагаас нөгөө байгууллага буюу ДЭМБ-аас НҮБ-ын Ази Номхон далайн нийгэм эдийн засгийн комисст бүрэн эрхэт төлөлөгчөөр ажиллаж байсан. АНУ-ын намтар түүхийн институтын алтан медаль хүртэж байсан. 1971-1972 оны үед хоёр талын хамтын ажиллагааны бүх гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулж тал талаасаа ижилхэн тооны мэргэжилтэн солилцдог байсныг зөвхөн манай талаас 15 хүнийг хамруулдаг болгож, энэ арга хэмжээнд манай олон багш нар хамрагдах боломжийг нээж өгсөн. Анх удаа АУДС-ийг ДЭМБ-ын төсөл, НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрт оруулж, төсөлт үйл ажиллагаа явуулж, тоног төхөөрөмжөөр хангаж байсан.Бүсийн дэд захирлаар ажиллаж байхдаа АУДС-ээс гадагшаа сургалтад явж байсан багш нарыг цалин, урамшуулалтай болгож өгсөн. Дараа нь Отгон багш энэ асуудлыг хариуцсан.  ДЭМБ-ын нэрт зүтгэлтэн, хамгийн senior орлогч захирал, ЗӨАБ-ийн захирлын кабинетын гишүүн, дэлхийн хүн амын гуравны нэг буюу 1,4 тэрбум хүний эрүүл мэндийн асуудлыг хариуцаж ажиллаж байсан. Мөн аавтай минь хамт ажиллаж байсан манай сургуулийн багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан М.Отгон багш, аав З.Жадамба нарт өвгөн буурал болтлоо эх орон, төрөлх сургуулийнхаа төлөө дэлхийд Монгол хүний чадамжийг таниулан, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж дэлхийн хүн амын сайн сайхны төлөө зүтгэсэн сургуулийнхаа төгсөгчдөд Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчид хуралдаж хүндэт професор цол олгосон нь буруу биш байх. Миний аав учир авч болохгүй юу? Тэгвэл энэ сургуулийн төгсөгч, Монгол Улсын иргэн гээд салгаад бодоорой.
  11. Та намайг АШУҮИС-аас профессор цол аваагүй, хэрэв өөр сургуулиас авсан бол хүчингүй гэж хэлсэн байна. Монгол Улсын БСШУСЯ-ны зөвшөөрөлтэй Монголын хамгийн ууган хувийн ангаахын боловсрол олгох их сургууль болох “Ач Анагаах Ухааны их Сургууль” нь эрдмийн цол олгох бүрэн эрхтэй бөгөөд АШУҮИС-ийн дүрэмд бусад сургууль дээр эрдмийн цол хүртсэн бол хүчингүй гэсэн зүйл заалт байхгүй болно. Монгол Улсын Боловсролын тухай хуулинд өмчийн хэлбэр харгалзахгүй ижил тэгш байдлыг хангасан байдаг.
  12. Та намайг “Удирдагч нь бурхан болсон докторантын диссертаци дээр өөрийнхөө нэрийг тавьсан” гэж бичсэн байна. Докторантад удирдагчаа сонгох эрх байдаг бөгөөд энэ нь түүний бүрэн эрх билээ. Энийг НАС-ын салбар Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэж, шийдвэр гаргасны эцэст надад санал тавьж би хүлээн авсан. Авахдаа багшийнхаа эхлүүлсэн ажлыг нэр төртөө гүйцээх, нөгөөтэйгүүр докторантаа амжилтаай хамгуулуулах үүргийг хүлээж багагүй хөдөмөрлөсөн билээ. Та эрдэмтэн хүн өөрөө ямар хөдөлмөр зардгийг мэдэж байгаа байхаа. Ийм жишигч байсан юм билээ. Та санаж байгаа байх аа.
  13. Тус сургууль дээр бэлгийн дарамт, ажлын байрны дарамт, хамт олноо турхирах ёс зүйгүй, олон хууль зөрчсөн үйл явдлууд гардаг байсан. Түүний золиос болж байсан олон тохиолдлууд байсныг Та бэлхэнээ мэднэ. Та ч бас нэг үлгэр жишээ нь болж явсан. Та өөрөө өөрийгөө сайн мэдэж байгаа. Харин би ирснээсээ хойш энэ муухай бусармаг, ёс зүйгүй үйлдлийг халсан. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг шиг тэр зан, арга барилаа тавихгүй хамт олноо хагалан бутаргаж, турхиран дундаас нь ашиг хонжоо хайж байгаа ёс зүйгүй хүмүүс байх шиг байна. Бид сүүлийн нэг жил хагасын хугацаанд тэмцсэний үр дүнд манай сургууль хүчирхийлэлгүй байгууллагаар тодорч шагнал хүртэл хүртсэн.  

Ингээд эцэст нь Тандаа эрүүл энхийг хүсэхийн ялдамд, төрүүлсэн шавь нар аа ар, өврөөсөө төрүүлсэн юм шиг бүү алагчлан үзэж бай, өдий зэрэгтэй болтлоо зүтгэсэн төрөлх сургуулиа битгий муулж бай, хамтран зүтгэсэн өвгөн профессор, эрдмийн нөхдөө бүү доорд үзэж бай гэж захих надад ахадсан гэж үзэж байвал хүлцэл Танаасаа өчье.

Хүндэтгэсэн

Ж.ЦОЛМОН

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Эмч (66.181.183.207)

    2020-01-31

    Өөрийгөө хамгаалж, буруугаа бусад руу халдаасан бна

  • Эмч (64.119.20.247)

    2020-01-30

    За зөв хариулт өгчээ. Энэ хүн насаараа ийм л яваа хүн. Хэзээ ч засрахгүй. Үхэж л амрах байх даа.