Д.Сарангэрэл: Эрсдлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбарынхан бүрэн бэлтгэл хангаж, нягт нямбай ажиллаж байгаа
- 2020-02-01
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаарх товч мэдээллийг сонслоо.
Энэ үеэр Монгол Улс дахь шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг хүссэн гишүүдийн тодруулгад Эрүүл мэндийн сайд хариулахдаа,
“Энэ төрлийн халдвар нь дэлхий нийтийн хувьд шинэ төрлийнх гэдгийг онцолж хэлье. Засгийн газар, салбарын яамны зүгээс шуурхай ажиллаж Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнтэй холбогдож, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ажилласны үр дүнд 1000 ширхэг оношлуурыг хүлээн авсан. Энэ хугацаанд сэжигтэй 58 тохиолдлыг шинжилсэн.
Албан ёсоор хэлэхэд, Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Илэрсэн тохиолдолд мэдээллийг нуух шаардлагагүй, боломж ч байхгүй. Шинэ коронавирусийн халдвар илэрчихээд байхад нуух юм бол улс орон, ард түмэн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болно” гэдгийг мэдэгдэв.
Мөн энэ үеэр тэрбээр ДЭМБ-ын НДББ-ээс 3000 ширхэг оношлуурыг ойрын хугацаанд Монгол Улсад ирүүлэхээр болсныг дуулгалаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүү Япон Улс дахь ижил төрлийн байгууллагуудтайгаа албан шугмаар холбогдож дахин 1000 ширхэг оношлуур авахаар тохиролцсон учраас оношилгооны тал дээр бэлтгэл хангагдсан гэж үзэж болно гэв. Гэсэн ч эрсдлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбарынхан бүрэн бэлтгэл хангаж, нягт нямбай ажиллаж байгаа гэв.
Энэ үеэр гишүүд амьсгалын замын цочмог халдвар томуу томуу төст өвчний халдвар, тархалт, тоон мэдээллийг тодруулж, хариулт авсан. Улаанбаатар хот бол суурин газруудын агаар, орчны бохирдол нь амьсгалын замын цочмог халдвар томуу томуу төст өвчний халдвар даамжрах нэг шалтгаан болж буйг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Тиймээс цаашид уушгины чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, тоног төхөөрөмжүүдийг сайжруулах шаардлага бий гэдгийг Д.Сарангэрэл сайд дуулгалаа.
Сэтгэгдэл (0)