Д.Амарбаясгалан: Д.Сүхбаатарын байгуулсан түүхэн гавьяаг хэзээ ч мартах учиргүй

Ардын хувьсгалын их удирдагч, Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн түүхт ойн мэндийг Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд Та бүхэндээ хүргэн мэндчилье.

Удахгүй 100 жилийнхээ түүхт ойг тэмдэглэх Монгол Ардын Намын түүхийн эхлэл хуудас, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө хийж бүтээсэн бүхэн Ардын хувьсгалын их удирдагч, их жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийн үргэлжлэл билээ. Харийн дарлалаас эх орноо чөлөөлөх Монгол түмний хүсэл мөрөөдөл битүүхэн оргилсон он жилүүдэд бага насаа өнгөрүүлсэн Дамдины Сүхбаатар Богд хаант Монгол Улсын цэрэгт алба хашиж, Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажиллаж байгаад улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахаар Хувьсгалт нууц бүлгэмийг нөхдийн хамт байгуулж, улмаар Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцсан юм. Монгол Ардын Намын чинхүү зорилго нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо баталгаажуулах байв.

Дамдины Сүхбаатар Ардын Засгийн газрын Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилогдон, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө Хиагтыг, Нийслэл хүрээг чөлөөлөх удаа дараагийн байлдаануудад гарамгай гавьяа байгуулж, зорьсон үйл хэргээ бүтээж, зол жаргалант Монгол Улсыг журмын нөхдөө оройлон манлайлж байгуулсан түүхэн гавьяаг хойч үе хэзээ ч мартах учиргүй билээ.

“Бидний улс эв саналыг нэгтгэн, нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхгийн савраас гарч, учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээх Ардын хувьсгалын их удирдагчийн хэлсэн үг, үзэл санаа, үйл хэргийг үргэлж санаж, үеийн үед дуурсгах учиртай билээ.

Та бүхэндээ Их жанжны мэндэлсэн өдрийн мэндийг дахин хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН  БИЧГИЙН ДАРГА  Д.АМАРБАЯСГАЛАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Батаа (202.21.124.22)

    2020-02-07

    Тийм шүү. Сүүлийн үед манай эрхмүүд бүр зарим түүхч доовторууд Богд хааныг элдэв гоё үг, шалихгүй баримт сэлтээр дөвийлгөх замаар ардын хувьсгалын ач холбогдлыг бууруулахыг оролдох болсонд харамсаж байна. 1921 он босгон дээр Манай улс, ард түмний маань амьдрал ямаршуу байсныг бид мэднээ. Гадны судлаачид Чингисийн монгол 10 жилийн дараа үгүй болно гэж л бичигдэж байсан үе шүү дээ. Харийнхан "түүхийг нь үгүйсгэ, эсрэгээр нь эргүүлж өнгөтэй өөдтэй бүхнийг эргэлзээтэй болго, дахин дахин бич, ялангуяа залууст. Хэсэг хугацааны дараа тэд бидний заасан мөрөөр явах болно" гэсэн заавар бий. Манай зарим түүхчид, өөрсдийгөө нийтлэлчид гэж магтагсад тэдэнд тусалж яваам болов уу даа

  • Иргэн (202.21.124.22)

    2020-02-07

    Сүх жанжин залуу халуун насаа ард түмэн, эх орныхоо төлөө зориулсан Монголын ард түмний баатар юм. Тэр Монгол Улсын тусгаар тогтнолыг байлдан олж, тунхагласан, бэжхүүлсэн түүхэн Удирдагч. Д.Сүхбаатар Монголын ардчилсан төрийг бүтээгчдийн нэг. Хаан, ноёд, баяд, гадны мөнгө хүүлэгчдийн феодалын засаглалаас Ард түмэн өөрсдөө сонгож байгуулах, ардчилсан засаглалд шилжүүлсэн. Юун 90 оны "хувьсгал" энэ тэр. Зөөврийн, мөнгөний, хуулмал биш Монголчуудад түүхэн сэргэлтийг авчирсан хувьсгал нь Ардын хувьсгал байв. Монголчууд эрүүл, боловсролтой, улс ардын аж ахуйн бүхэл бүтэн салбарууд үүсэн хөгжиж, НҮБ-ийн бүрэн эрхэт гишүүн болсон. Энэ бүх ололт Д.Сүхбаатарын оройлсон Ардын хувьсгалаас эхтэй. Түүхэн үнэнийг үгүйсгэх, гуйвуулах, үнэ цэнийг бууруулах оролдого бүхэн УРВАЛТ юм шүү.