Б.Обаматай хэн өрсөлдөх вэ

Бүгд найрамдах намын сунгаа болоход гурван cap үлджээ.  Тэндээс Ардчилсан намын Ерөнхийлөгч Барак Обаматай сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн нэр тодрох учиртай.Бүгд найрамдах намын сунгаа болоход гурван cap үлджээ.  Тэндээс Ардчилсан намын Ерөнхийлөгч Барак Обаматай сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн нэр тодрох учиртай. Хэн Обаматай үзэлцэх вэ гэсэн нам доторх сунгаа ид хүчээ авч байна.

Нью-Жерси мужийн захирагч Крис Кристи, Аляска мужийн захирагч асан, хатагтай Сара Пэлин нар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж мэдэгдсэний дараа Массачусетс мужийн экс захирагч Митт Ромни, Техас мужийн захирагч Рик Перри нарын нэр улам тод дуулдах болов.

К.Кристиг дэмжиж байсан сонгогчид Ромнигийн талд орно хэмээн шинжээчид үзэж байна. Ромми 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр намынхаа сунгаанд нэлээд дээгүүр давхиж байсан билээ. С.Пэлинд саналаа өгнө гэж байсан хүмүүс Р.Перригийн талд орох магадлалтай. 2008 онд Ж.Маккейний хамтаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан хатагтай Пэлин сунгаанаас нэрээ татаж буй захидалдаа өөр хэн нэгнийг дэмжихийг уриалаагүй ч түүний үзэл бодол Техасын захирагчийнхтай ихээхэн нийлдэг билээ.

Хамгийн сүүлчийн судалгаагаар, Ромни бүгд найрамдахчуудын 25 хувийн дэмжлэгтэй тэргүүлж явна. Бусад нэр дэвшигчийн рейтинг өсөлт, бууралттай түүний араас яваа юм. Техас мужийн захирагч Р.Перри, бизнесмэн Херман Кейн нар ойролцоогоор 17 хувийн саналаар удаалж байна.

АНУ-д алдартай Godfather"s Pizza-ний эзэн асан Херман Кейн нэг хэсэг "мандаж" Бүгд найрамдах намаас нэр дэвших хүмүүсийг судалгаагаар тэргүүлж байсан юм. Намын ахмад гишүүд түүний огцом өссөн нэр хүндэд эргэлзэж, гэнэт өссөн шигээ гэнэт буурах вий хэмээн болгоомжлох болжээ. Төсвийн зардал, татвар, төсвийн алдагдалд ихээхэн санаа тавьдаг Tea Party намынхан Х.Кейнийг илүү түрэмгий, хуучинсаг хэмээн тодорхойлж байна.

Харин М.Ромниг аядуу үзэлтэй хэмээн үздэг. АНУ-ын улс төрд шинэ энэхүү бизнесмэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр санаархаж буйгаа аль эрт зарласан билээ. Түүний нэр олон нийтийн судалгаанд орж ирэхдээ шүүмжлэл дагуулах болсон. Бүгд найрамдах намын бусад нэр дэвшигч намын сунгааны кампанит ажлаа өрнүүлэн, мужуудаар аялан завгүй явахад мань Херман саяхан гаргасан номынхоо сурталчилгааг хийсэн шигээ яваа аж. Тэрээр "Энэ бол Херман Кейн. Цагаан ордонд хүрэх миний зам хэмээх ном бичиж хэвлүүлчихээд түүнийгээ худалдаж авахыг уриалж явна.

Х.Кейн Б.Обаматай адилхан улс төрийн үзэл баримтлалтай гэдэг. Тэрээр ийнхүү сонгуулийн кампанит ажил гэхээсээ хувийн бизнесээ өрнүүлж байгаа ч олсон мөнгөө нам доторх сунгаанд ашиглана хэмээн мэдэгдэж байна. Х.Кейн ийнхүү сонгуулийн кампанид ашиглах мөнгөө амжилттай босгож байгаа нь бусад нэр дэвшигчдэд болгоомжлол төрүүлж байгаа аж.

Одоогоор Техас мужийн захирагч Рик Перри сонгуулийн кампанидаа 17 сая доллар цуглуулаад байна. Митт Ромни хандивлагчдаас 18.3 саяыг цуглуулж чаджээ. Гэвч Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг баталгаатай таамаглах боломж алга. Учир нь америк иргэдийн дэмжлэгийг хүлээх хүчтэй нэр дэвшигч олдохгүй байгаа юм. Энэ нь Б.Обамад давуу тал олгож, түүнийг дахин сонгогдох магадлалыг нэмэгдүүлж байгаа юм.

Н.Мөнхжин
Зууны мэдээ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)