Багш С.Наранзул: Сурлагын зэрэгцээ хүмүүжил чухал болохыг нийтээрээ ярьж эхэллээ

Дэлхийн багш нарын 26 дахь, Монголын багш нарын 54 дэх өдөр бид ярилцлагын зочноор “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн бага ангийн багш Сандуйжавын Наранзулыг урилаа. Тэрээр Завхан аймгийн Улиастай хотын уугуул.

-Багш танд баярын өдрийн мэнд хүргэеБагш мэргэжлийг яагаад сонгов?

-Баярлалаа. Үнэнээ хэлэхэд анхнаасаа багш болъё гэж төлөвлөөгүй л дээ. Хөдөөний хүүхдийн жишгээр хөөрч тэмүүлж явсаар аравдугаар ангиа төгсөх дөхөөд л гэнэт ухаан орсон гэх үү дээ. Хэд хэдэн мэргэжлийг бодож, тийм мэргэжилтэй хүмүүсийг төсөөлсөн. Манай ах, дүүст үлгэрлэж, дуурайх багш мэргэжилтэй хүн байгаагүй ч бага ангийн багш шигээ л хүн болъё гэж шийдсэн. Намайг энэ мэргэжлийг сонгоход үлгэр дуурайлал болсон бага ангийн багш Д.Нямсүрэн, дунд ангийн багш Д.Мянгамаа, МУБИС-ийн анги даасан багш, доктор Д.Энхцэцэг нартаа, хамт олондоо, намайг таньдаг бүхий л багш нартаа баярын мэнд хүргэе!

-Та багш мэргэжлээрээ 11 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна. Мэдээж хэрэг мэргэжлийн сонголт зөв болсон байж таараа.

-Тэгэлгүй яах вэ. Анх дааж авсан анги маань 12 дугаар ангиа төгссөн, одоо оюутнууд болцгоосон. Түүнээс хойш хоёр удаа нэгдүгээр анги авсан. Энэ жил тавдугаар ангитай. Шавь нар маань улс, эх орондоо хэрэгтэй хүмүүс болно гэсэн итгэлээр ажиллаж байна. Шавь амжилт гаргахад багш дагаад баярладаг. Амжилт гэдэг заавал тив, дэлхийн хэмжээнийх байх албагүй. Чаддаггүй зүйлээ чаддаг болохыг л би амжилт гэж хардаг. Бүх хүүхдэд ахиц гаргаж, бүгдийг нь хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Урлагийн наадамд ангиа 100 хувь хамруулахын тулд найрал дуу заасан. Ангиараа дуулж сураад урлагийн наадамдаа түрүүлсэн. Тэр амжилт надад ч, хүүхдүүдэд маань ч урам зориг өгсөн. Багш хүний баяр бахдал ийм зүйлээс эхэлдэг болов уу. Одоо мэргэжилдээ улам шимтэх болжээ. Хүүхдүүд элдэв санаагүй, үнэнч болохоор тэдэнтэй ажиллах нь томчуудтай харилцахаас амар байдаг. Илүү хөгжилтэй гэх юм уу даа.

Баярын өдөр юм чинь хүүхдүүдийнхээ хөгжилтэй явдлаас нэгийг ярьчих уу та?

-Манай нэг сурагч даалгавраа хийлгүй, дэвтэр ч үгүй ирсэн. Яасан бэ гээд асуусан чинь “Цүнх аавын машинд байсан, аав гэртээ ирж хоноогүй” гэсэн. Хүүхдүүд ийм хайрламаар гэгээхэн, багшдаа үнэнч шүү дээ. Аав нь гэнэтийн яаралтай ажлаар хөдөө явсныг нь сүүлд мэдсэн л дээ.

Хүүхдүүд шинэ сэргэг юмыг хүлээн авахдаа хурдан. Нэг талаас нь багш, нөгөө талаас нь эцэг, эх дэмжээд өгвөл хүүхэд их зүйлийг сурч чадна. Багш нь анги дээр ногоон гэрлээр, цагаан шугамаар зам гарна гэж хичээл заагаад явуулахад аав, ээж нь хөтлөөд улаан гэрлээр, гарцгүй газраар гүйгээд гардаг. Жижиг гэлтгүй ийм зүйлээс эхлээд хүүхэд төөрөгдөлд орж, мэдлэг, дадал үнэгүйддэг. Сурлагын зэрэгцээ хүмүүжил чухал болохыг нийтээрээ ярьж эхэллээ. Манай сургууль соёлтой, хүмүүжилтэй иргэнийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна. Ганцхан жишээ дурдахад манай сургууль “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээний улсын 5, нийслэлийн 12, дүүргийн 19 удаагийн аварга болоод байна.

-Танай сургууль хотын төвөөс нэлээд алслагдмал юм. Хамгийн сайн сургууль гэж гэрт ойрхон сургуулийг хэлнэ гэсэн яриа гадаадад байдаг юм билээ. Хүүхдүүд хотын төв рүү явахгүйг бодоход танай сургууль сайн сургууль бололтой.

-Тийм шүү. Би сургууль, хамт олноороо бахархаж явдаг. 1939 онд байгуулагдсан, ная давсан настай манай сургууль “Нисэхийн сургууль” гэдгээрээ алдартай. Монголын нисэх хүчний хүний нөөцөд суурь боловсролыг олгоход хувь нэмрээ оруулж ирсэн манай сургуулийн төгсөгчдөөс “гавьяат таван нисгэгч” төрөн гарсан байдаг. Индексийн аварга анхны 10 сургуулийн нэг гэдгээрээ манай хамт олон ямагт бахархаж явдаг. Өнөөдөр манай сургуулийн 85 бүлэгт 3695 сурагч суралцаж байна. Дөрвөн хичээлийн байртай, ийм том сургууль ховор шүү (инээв). Танай сониноор дамжуулан Ө.Болормаа захиралтай “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хамт олондоо болон багш мэргэжлийг эзэмшиж, улс, орныхоо хойч үеийг сайн хүмүүс болгохоор ажиллаж байгаа нийт багш нартаа багш нарын өдрийн мэнд хүргэж, сурган хүмүүжүүлэх ариун үйлст нь амжилт хүсье.

-Өнгөрсөн жил гурван ээлжтэй “Буянт-Ухаа” сургууль зааландаа хичээллэж байна гээд л шуугиад байсан. Байдал сайжирсан уу?

-2015 оноос “Буянт-Ухаа” цогцолбор сургуульд ажиллаж байна. Намайг ирэхэд яг гурван ээлжтэй болсон. Бараг дөрвөн жил гурван ээлжээр хичээллэлээ. Багшийн ажиллах орчин, зай завсар муутайхан, хүүхдүүдийн суралцах хугацаа, хүүхэдтэйгээ ажиллах хугацаа үнэхээр хомс байсан. Эхний хэсгийг шалавхан гаргаад дараагийн хүүхдүүдийг оруулах тухай л бодохоос хүүхэд хөгжүүлэх тухай ярихад хэцүү. Багш, сурагчдын хооллолт, амрах хугацаанд өөрчлөлт орж, эрүүл мэндэд нь ч сөргөөр нөлөөлдөг юм билээ. Гуравдугаар ээлж тарлаа гээд шууд гараад явчихгүй. Ялангуяа хүйтэн, сэрүүн улиралд эрт харанхуй болдог учраас хүүхдүүдээ “гараас гарт” өгч, эцэг, эхээр нь гарын үсэг зуруулж байж явна. Ихэвчлэн 20:30-д тардаг байсан. Хүний амьдрал баялаг болохоор заримдаа хамгийн сүүлийн эцэг, эх иртэл л хүлээнэ шүү дээ. Биеийн тамирын зааландаа анги, бүлгүүдээ нийлүүлээд хичээл орох хүнд үе ч бидэнд байсан. Тэгээд салбарын яамны захиалга, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019-2020 оны хичээлийн жилд сайхан шинэ байртай болсон. Одоо хоёр ээлжээр, нэг ангид дунджаар 45-50 хүүхэд суралцаж байна. Орчин нөхцөл сайжраад ирэхээр хүүхдүүдийн сурлагад ч ахиц гарч эхэлж байна. Одоо нэгдүгээр ээлж 08:00-12:30 орж, хоёрдугаар ээлж 13:30-17:20 гэхэд тарж байгаа.

-Юутай ч ажиллах орчин нөхцөл сайжирчээ гэж ойлголоо. Чухам багш нарын цалин, хөлс ямаршуухан байдаг вэ?

-Дөнгөж багш болоод Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулиас ажлын гараагаа эхэлж, дөрвөн жил ажилласан. Хамгийн анх 295 мянган төгрөгийн цалин буусан. Их л баярлаж байсан. Дараа нь урамшууллын мөнгө гээд 50 мянган төгрөг орж ирэхэд нь бүр ч их баярласан. Одоо сонсоход бага ч тухайн үедээ болгоод л өдий хүрч. Багш нарын цалинг 2015 оноос хойш үе шаттайгаар гурван удаа нэмсэн. Одоо бараг гурав дахин нэмэгдсэн байна. Би залуу болохоор хамгийн өндөр цалинг авдаггүй ч гэсэн мэргэжлийн зэргийн нэмэгдэл, анги даалт, үр дүнгийн урамшууллаа авчихад амьдралд хүрэлцэхүйц боломжийн байна. Манай сургуульд нэг сая гаргаад авч байгаа багш нар бий шүү.

-Багш нар ажлын байран дээрээ хөгжих боломж хэр байна, өөртөө цаг гаргаж байна уу?

-Номыг нь үзсэн ч, ногоотой шөлийг нь ууж байж сурах зүйл их байдаг юм билээ. 79 дүгээр сургуулийн Н.Даариймаа, С.Оюунчимэг багш, сургалтын менежер Г,Чанцалдулам  мөн “Буянт-Ухаа” цогцолборын багш Ж.Ариунтуяа, С.Батзаяа, М.Чимгээ, сургалтын менежер Т.Мягмарцэрэн нараасаа их зүйлийг суралцсан. Тэднийхээ зааж зөвлөснөөр өдий зэрэгтэй яваа гэж боддог. Өнөөгийн хүүхдүүд цаг үеэ дагаад хөгжиж байна. Багш хүн мэдлэг, мэдээллийн хувьд хүүхдүүдээсээ урд нь явахын тулд цаг ямагт өөрийгөө шинэчилж, арга зүйгээ сайжруулах хэрэгтэй болж байна. COVID-19 цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн нөхцөл байдал бидэнд маш том сургамж боллоо. Цаашид зөвхөн танхимд суулгаад, самбарт шохойгоор бичиж, хичээл заахаас өөрөөр ажиллах шаардлагатай болсныг бидэнд маш хүчтэй ойлгуулж чадлаа. Ирэх таван жилд өнгөрсөн таван жилийнх шигээ ажиллаж болохгүй нь гэдгийг манай багш нар ойлгож, ярилцаж эхэлсэн. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг ч цаашид цахим технологитой ажиллаж, хэрэглэх тал руу чиглүүлэх хэрэгтэй санагдсан.

-Теле хичээлийн үр дүн ямар байв?

-Сурагчдын хувьд ялгаатай байсан. Ахлах, дунд ангийн үр дүн харьцангуй хүүхдээсээ хамаарч байхад бага ангийн хувьд эцэг, эхийн дэмжлэгээс ихээхэн хамаарч байна. Айл болгон адилгүй. Ах, эгч нь том болчихсон хүүхдийн хичээл үзэлт, дэрсхэн 2-3 хүүхэдтэй айлын хичээл үзэлт ялгаатай байна. Ээж, аав нь гадаадад ажилладаг хүүхдийн нөхцөл байдал ч өөр. Энэ нь зөвхөн теле хичээл дээр ч биш олон зүйл дээр харагддаг. Багш бидний хувьд теле хичээлээс маш их зүйл сурлаа. Дөрөвдүгээр ангийн математикийн хичээлийг заасан “Шинэ-Эрин” сургуулийн багшийг онцгойлон дурдмаар байна. Хэрвээ COVID-ыг эерэгээр харах юм бол энэ мэтээр олон багшийн арга зүйг харах боломжийг олгосон сантай болгочихлоо шүү дээ. Цаашид боловсролын салбарыг улам бүр цахим болгох шинэ санаачилгууд гарч эхэлсэн байна.

-Багш бүр өөрийн арга зүйтэй. Таны хувьд юунд анхаарч ажилладаг вэ?

-Бага ангид нь хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлснээр бусад бүх хичээлийн агуулгыг хялбараар ойлгож, бүтээлчээр сэтгэх чадвартай болдог. 1-5 дугаар анги тус бүрт системтэйгээр үл мэдэгдэх тоог олох буюу тэгшитгэлийн үйлдлийн тоог нэмэгдүүлэн зааж, үйлдлийн мөн чанарыг ойлгуулахыг зорьдог. Ойлгосон хүүхэд өөрөө зохиогоод л явчихдаг. Зохионо гэдэг төсөөлөн бодох чадвар нь сайжирсны шинж.

Би эцэг, эхтэй хамтран ажиллахыг хичээдэг. Хамтран ажилласны үр дүнд багш, эцэг, эх, сурагчид бие биесээ хүндэтгэж, харилцан ойлголцож, хүүхэд бүр амжилттай суралцаж, авьяас чадвараа хөгжүүлэхэд үр нөлөө үзүүлдэг. Багш ч, эцэг, эх ч хүүхдээ хайрлах хэрэгтэй. Хайр, хүндэтгэл шингээгүй сургалт нь хоосон зүтгэл болдог учраас нэг нэгнээ хайрлан хүндэлж, хамтран ажиллах нь чухал.

Ярилцсан: Э.Болд

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)