Т.Ням-Очир: Интерактив хичээл нь хүүхдийн оролцоо, бүтээлч чадварыг дэмжихэд чиглэж байна

ЕБС-ийн сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Энэхүү урт амралтын хугацаанд хүүхдүүд хичээлээ марталгүй, сонирхолтой аргаар давтах нь юу юунаас илүү чухал. Тиймээс сурагчид econtent.edu.mn сайтад байршуулсан интерактив жишиг контентуудаас сонгон хийж, хичээлээ бататгах боломжтой болжээ. Энэ тухай БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.НЯМ-ОЧИРТОЙ ярилцлаа.

 

-Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын энэ цаг үед хүүхдүүд багачуудынхаа мэдлэг боловсролыг тэлэхийн тулд интерактив хичээлийг бэлтгэн хүргэж байна. Одоогийн байдлаар хэчнээн хичээлийг бэлтгэн хүргээд байна вэ?

 

-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан, бусад донор байгууллагатайгаа хамтран хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, бие даан суралцах боломжтой, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог дэмжсэн интерактив хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулж эхлээд байна. Нийтдээ 104 контент бэлтгэж хүргэх юм. Одоогоор 52 хичээл бэлэн болж, хүүхэд багачууд ашиглаж эхлээд байна.

 

-Интерактив хичээл теле хичээлээс юугаараа ялгагдах онцлогтой, хүүхдүүдэд ямар төрлийн мэдлэг мэдээлэл олгох вэ?

 

 -Теле хичээлийн явцад багш удирдаж чиглүүлж, ихэнхдээ батлагдсан сургалтын хөтөлбөрийн агуулгаар шинэ мэдлэг олгох үйл ажиллагаа голчилж байгаа. Суралцагчийн бие даан суралцах чадвар, суралцаж буй орчин нөхцөлөөс шалтгаалж харилцан адилгүй боломж үүсэж байна. Теле хичээлийг хүүхэд бие даан сурах сонирхолтой агуулгаар баяжуулах хэрэгцээ шаардлага байгааг хөндлөнгийн судалгааны үр дүнгүүд харуулсан.

 

Орчин үеийн хүүхдүүд мэдээллийн технологийн дэвшил, техник хэрэгслийг өндөр түвшинд хүртээмжтэйгээр ашигладаг болсон. Зөв хэрэглэх, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн сонирхолтой контентын орон зайг үүсгэх нь чухал байна. Иймд хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд мэдлэгээ тэлэхэд интерактив хичээл чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.

 

Энэхүү хичээлийг бүтээхэд сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд нийцүүлсэн хэлбэрээр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйч багш нар, “Монгол контент” компанитай хамтран ажиллаж байна. Интерактив хичээл нь хүүхдийн оролцоо, бүтээлч чадварыг дэмжинэ.

 

-Боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байна вэ. Теле болон Интерактив хичээлээр дамжуулан тусгай хэрэгцээт хүүхдүүдийг чадавхжуулахад хэрхэн анхаарсан бэ?

 

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд боловсролын үйлчилгээг тасралтгүй зохион байгуулах, хүүхэд бүрд хүрсэн сургалтын арга зүйг нээлттэй, чөлөөтэй, олон хувилбараар ашиглах чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны яам бодлого, стратеги гарган ажиллаж байна. Теле хичээл, цахим хичээл /сургалтын удирдлагын систем/, интерактив хичээлээс гадна гэр бүлийн орчиндоо теле болон цахим хичээл үзэх боломжгүй суралцагчдад сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу хэвлэмэл материал хүргэх, эрсдэл багатай газруудад багш нар гэрээр зочлох зэрэг эргэх холбоо бүхий зохион байгуулалтын олон арга хэмжээ авах юм. Теле болон интерактив хичээлүүдийг тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулан тусгайлан бэлтгэж байна. Тусгай хэрэгцээт боловсролын “Хэлбэр хэмжээний талаар ойлголттой болох”, “Манай гэр бүл” гэсэн интерактив хичээлийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулсан.

 

-Энэ хичээлүүдийг давхар казах, тува, дохионы хэлээр бэлтгэн хүргэж байгаа гэсэн. Энэ ажилд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Казах, тува хэлтэй тусгай хэрэгцээт хүүхдүүд эдгээр хичээлд хэр хамрагдаж байгаа вэ?

 

-Интерактив хичээлүүд казах, тува, дохионы хэлний орчуулгатайгаар бэлтгэгдэж байна. Хэлний бэрхшээл, суралцах ялгаатай орчинтой хүүхдүүдэд зайн сургалтыг үр дүнтэй хүргэхэд онцгойлон анхаарах нь чухал. Тиймээс хэнийг ч боловсролын үйлчилгээний гадна үлдээхгүйн тулд боломжит бүх шийдэл зохион байгуулалтыг бид хийж ажиллана.

 

Интерактив хичээлүүд нь батлагдсан сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд бэлтгэгдэж байгаа учраас цаашид танхимын сургалт эхэлж, хичээл сургалт хэвийн явагдахад боловсролын ялгаатай байдал, хоцрогдол бага үүсэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.

 

-ЕБС-ийн сурагчид цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн нэг сарын хичээлийг теле буюу онлайн хэлбэрээр үзсэн. Ер нь теле хичээлийн хамрагдалт улсын хэмжээнд хэр байсан бэ?

 

-Долоо хоног бүрээр теле хичээлийн ирцийн мэдээллийг нэгтгэж, дүн шинжилгээ хийж ажилласан. Хамгийн чухал нь үзэж байгаа хэсэгтээ бус хүрэлцэж чадахгүй байгаа хэсэгтээ хэрхэн хүрч ажиллах тал дээр түлхүү анхаарч байна. Теле хичээлийг нийт суралцагчдын 74 хувь нь үзсэн. Мөн 10-12 хувь нь сургуулиасаа хөгжүүлж буй сургалтын удирдлагын систем, цахим платформын тусламжтай суралцжээ. 15 орчим хувь нь теле болон цахим хичээлд хамрагдах боломжгүй байгаа судалгаа байгаа. Эдгээр хүүхдүүдэд хэвлэмэл материал, бие даах дасгал, даалгавар хүргэх зэргээр ажилласан.

 

-Цаашид ч боловсролын байгууллагууд энэ чиглэлээр буюу теле хичээл цахим хувилбараар үргэлжилж магадгүй. Теле хичээлд эцэг эхчүүдээс санал авч хэрэгжүүлдэг үү. Хичээлийн үргэлжлэх хугацааны хувьд хэт богино гэсэн шүүмжлэл их байдаг. Ер нь теле хичээлийн үргэлжлэх хугацааг хэрхэн тогтоодог вэ?

 

 -Хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа, дэлгэцийн өмнө суухад эрүүл мэндэд нь нөлөөлөх байдал, дадал зуршил нь хэрхэн өөрчлөгдөх, олон улсын чиг хандлага зэрэг олон талаас нь судалж хугацаа, зохион байгуулалтаа төлөвлөж байна. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд, бүх хичээл, үндсэн агуулгаар теле хичээлийг бэлтгэн хүргэж байна. Богино хугацаанд бэлтгэн хүргэж байгаа теле хичээл нь иргэд, олон нийтээс шүүмжлэл дагуулж байгаа нь нууц биш. Илүү сайжруулж, илүү сонирхолтой хичээлүүд цаашид бэлтгэнэ. Хамгийн чухал нь эцэг эхийн оролцоо нэмэгдэж, боловсролын сургалтын үйл ажиллагаанд санал, шүүмжээ өгч байгаа явдал гэж ойлгож, цаашид контентыг илүү боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно.

 

Г.Сүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)