Б.Очирхуяг: Цахим сургалт нь цар тахлыг хамтдаа даван туулах сорилт юм

МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Б.ОЧИРХУЯГТАЙ тус сургуулийн цахим сургалтын үр дүн болон багш, оюутны сэтгэл ханамжийн судалгааны талаар ярилцлаа.

-Коронавирусийн тархалттай холбоотойгоор танай сургууль цахим хичээлийг хэрхэн зохион байгуулж байна вэ. Өнгөрсөн жилтэй харьцуулбал энэ жилийн хувьд та бүхэн цахим хичээл явуулахад илүү туршлагажсан болов уу?

-Өнгөрсөн жилийн хувьд МУИС-ийн хичээлийн эхний улирал танхимаар явагдаж, оюутны амралт үргэлжилж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос танхимын хичээлийг зайны, цахим хэлбэрт шилжүүлсэн шийдвэр гарч багш, оюутнууд маань шинэ сорилттой нүүр тулж байсан. Оюутнууд эхний улирлаа танхимаар, дараачийнхыг нь цахимаар, хичээллэсэн. Гэхдээ өмнөх жилийн хувьд хичээлийг ямар хугацаанд цахимаар зохион байгуулах нь тодорхой байгаагүй. Өөрөөр хэлбэл, цахимаар хичээллэх хугацааг цар тахлын тархалтаас хамаарч 14 хоног, нэг сараар гэх зэргээр тухай бүрд нь сунгаж байсан. Энэ хичээлийн жилийн хувьд I улирлын хичээлийг, тухайлбал лекцийг 100 хувь цахимаар явуулах шийдвэр урьдчилан гаргаснаараа онцлог байна. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл лекц, семинарын хичээл 100 хувь цахим, аравдугаар сарын 5-ны өдрөөс лекцийг нийтэд нь цахимаар явуулах удирдамжийг хичээл эхлэхээс өмнө гаргасан. Удирдамж гарсан гэдэг нь хичээл сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдах, цахим сургалтын үед багш, оюутан, хичээлд тавигдах шаардлага зэргийг нарийвчлан зохицуулсан гэсэн үг. Мөн энэ хичээлийн жилийн нэг онцлог бол оюутнууд аравдугаар сарын 5-наас танхимаар семинар, дадлагын хичээлийг үзэж эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн оюутнууд Улаанбаатарт ирсэн байсан бөгөөд цахим хичээлд бүрэн хамрагдаж байлаа. Энд нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Бид яг одоо багш, оюутан, эцэг эх, сургууль, улс орон даяараа цар тахлыг хамтдаа даван туулахаар хичээж байна. Энэ бол хэн нэгэн хүн санаачилгаараа цахим сургалтыг сонгоё, цахимаар хичээлийг оруулна гэж байгаа зүйл огтхон ч биш. Өөрөөр хэлбэл, сонголт биш. Цар тахлын үед боловсрол мэдлэг олгох, сургалтын тасралтгүй байдлыг хангах хамгийн боломжтой, шалгарсан хувилбар бол цахим сургалт гэдгийг дэлхий нийтээрээ ойлгоод танхимын сургалтыг бүрэн зогсоосон сургуулиудаа цахим хэлбэрт шилжүүлсэн. Цахим сургалтын арга барилыг цар тахлын дараа ч үйл ажиллагаандаа ашиглана. Энэ нь багш, суралцагчийн заавал эзэмшсэн байх нэг чадвар гэж ойлгож болно.

 

-Одоогоор оюутнуудад хэчнээн цагийн цахим хичээлийг хүргээд байна вэ?

 

-2020 оны есдүгээр сарын 1-18, арваннэгдүгээр сарын 11- нээс арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг хүртэл сургалтын үйл ажиллагаа цахимаар үргэлжилсэн бөгөөд нийт 107662 цагийн хичээл, есдүгээр сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 10- ны өдрүүдэд танхимаар 105705 цагийн хичээл орсон байна. Оролтын тоо буюу хичээлийн хуваарьт тавигдсан хичээлийн тухайд өнгөрсөн оны есдүгээр сарын 1-18, арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 21-ний хооронд буюу хичээл цахимаар орох үед 94974 хичээл оролт, танхимаар орсон есдүгээр сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 10-ны хооронд 91378 хичээл оролттой байлаа. Хичээл оролт гэдэг нь хичээлийн хуваарьт орсон бүх хичээлийг хэлж байгаа юм.

 

-Оюутнуудын хувьд цахим хичээлдээ хэр хамрагдаж байна вэ. Танай сургуулийн хувьд бүх оюутнуудаа хамруулж чадаж байгаа юу. Ялангуяа алслагдсан аймаг орон нутагт байгаа оюутнуудаа бүрэн хамруулж байна уу?

 

-Өмнөх жилтэй харьцуулбал энэ жил боломжийн туршлагажсан гэж хэлж болно. Бид багш, оюутнуудад зориулсан цахим сургалттай холбоотой видео зөвлөмжийг тогтмол бэлтгэн хүргэдэг. МУИС-ийн хувьд өөрийн сургалтын удирдлагын систем болох СиСи системээр дамжуулан хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулдаг юм. Өдөр бүр энэ системээр дамжин сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаа тул эргээд багш, суралцагч болон хичээл, сургалтыг үнэлэх, асуумж, судалгаа, санал, гомдол хүлээн авах, эргэх холбоог бий болгодог давуу талтай. Энэ системээр бид цахим сургалттай холбоотойгоор багш болон оюутнаас хичээл бүр дээр санал асуулга хийсэн. Тус санал асуулгад нийт 13360 оюутан, 759 багш хамрагджээ. Манай сургуулийн хувьд нийт сургалтын 88 хувь нь өөрийн сургалтын Сиси систем болон Microsoft Teams системийг ашиглан явуулсан. Багш системээр тухайн долоо хоногийн судлах хичээлийн агуулгыг оруулж, хичээл бүрийн төгсгөлд /92 хувь/ бататгах асуулт, даалгавар өгч ажиллалаа. Судалгааны дүнгээс харвал цахим хичээлийн материалын чанарын 79.7 хувь нь хангалттай болон хангалттай сайн гэж нийт суралцагч үнэлсэн байна.

 

-Цахим хичээл бидний хувьд шинэ туршлага болж байна. Энэ нь оюутнуудыг дүгнэж дүн гаргахад ч өөрчлөлт оруулж байгаа болов уу?

 

-Багш нар тухайн сургалтыг удирдан явуулж буй мэдээллийн системээрээ дамжуулан уг хичээлийн хуваарьт цаг болон долоо хоногт нь багтааж /95.2 хувь/ хичээлээ суралцагчдад хүргэж байсан. Суралцагчид тухайн хичээлийг судлан багшийн илгээсэн даалгаврыг гүйцэтгэж, лекц, семинар болон даалгаврын хүрээнд багшаас асууж тодруулах зүйлсээ асууж байсан бөгөөд нийт багш нарын 94 хувь нь суралцагчийн илгээсэн даалгаварт үнэлгээ өгөх, цахимаар асуусан асуултад хариулт өгсөн байна. Энэхүү эргэх холбоо нь хичээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй бөгөөд энэ хэрээр суралцагчдын амжилт нэмэгдсэн гэж ойлгож болно. МУИС нь цахим сургалтын үед авч хэрэгжүүлэх удирдамжид суралцагчид F үнэлгээ тавихгүй байх, түүний оронд W үнэлгээ тавихаар шийдвэрлэсэн байдаг. F үнэлгээ нь голч оноонд нөлөөлдөг бол W үнэлгээ нь ялгаагүй хангалтгүй судалсан тухай үнэлгээ боловч суралцагчийн голч дүнд нөлөөлдөггүйгээрээ давуу талтай. Мөн биеийн тамир болон гамшгаас хамгаалах менежментийн үндэс хичээлүүдийг S буюу “судалсан” үнэлгээгээр дүгнэж байна.

 

-Багш нар оюутнуудтайгаа хэр холбоотой ажиллаж байна вэ. Цахим хичээл явуулснаар багшийн ажлын ачаалал хэр нэмэгдэж байгаа вэ?

 

-Дээр дурдсанаар нийт багш нарын 94 хувь нь суралцагчидтайгаа эргэх холбоотой ажилласан. Багш нь суралцагчтайгаа төрөл бүрийн боломжит сувгуудаар холбогдож байгаа. Тухайлбал, Microsoft Teams гэх мэт хурлын систем, цахим шуудан зэрэг шууд бус аргаар болон утас, мессенжер зэрэг шууд холбогдох сувгуудыг түлхүү ашигласан байна. Багш цахим хичээлээ бэлтгэх, заах, суралцагчтайгаа эргэн холбогдож хариулт, зөвлөгөө өгөх гэх мэтээр маш их ачааллыг авч ажилласан. Ер нь 1 цаг 30 минутын лекцийн материалыг бэлтгэх болон заахад дийлэнх нь 2-4 дахин их цаг зарцуулж байгаа нь багш нараас авсан судалгааны үр дүнгээс харагдаж байна. Лаборатори бүхий цахим хичээл бэлтгэхэд хамгийн их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажил болдог. Нөгөөтэйгүүр цахим сургалттай холбоотой учирч буй хүндрэл бас бий. Дадлага ажил, лабораторийн дадлага шаардсан чиглэлийн мэргэжлүүдэд асуудал үүсэж байгаа. Үүнийг багш, оюутантай ажиллах цагийг нэмэгдүүлж, семинарын цагийг нэмэгдүүлэх аргаар шийдээд явж байна.

 

-Цахим хичээлээр танхимд сууж олж авах мэдлэгийг орлож чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа. Гэсэн хэдий ч нөхцөл байдлаас шалтгаалж, энэ жилийн хичээл бүрэн хэмжээгээр цахимаар орж магадгүй. Тэгэхээр оюутан суралцагчдаа илүү мэдлэг мэдээлэл олгохын тулд цахим хичээл бэлтгэхдээ хэрхэн анхаарч байна вэ?

 

-Цахим сургалт гэдэг өөрийн технологи, онцлог, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлийг шаарддаг. Энэ нь амьгүй материал өгөөд суралцагч бие даан суралцах тухай ойлголт биш. Сургалт бол багш суралцагчдын харилцаа, зөвлөгөө, хэлэлцүүлэгт тулгуурлаж явдаг онцлогтой. Түүнчлэн хувь хүний хариуцлагыг шаарддаг, үүнийг төлөвшүүлдэг сургалтын арга барил цахим сургалт мөн. Ийм ч учраас МУИСийн хувьд сургалтын чанараа бууруулахгүйн тулд цахим сургалтын стандартын дагуу лекц, семинарын материал илгээх, хичээл бүрд асуулга, даалгавраар мэдлэгийг нь шалгах, зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэхийг багш, оюутнуудаас шаардаж байна. 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн цахим сургалтын журмаа баталж мөрдөж эхэлсэн. Мөн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохицуулах хэд хэдэн удирдамжийг гаргаж, цахим хичээлд тавигдах шаардлагыг нарийвчлан зааж өглөө. Ингэснээр сургалтын чанар илүү сайжирна гэж үзэж байгаа. Дэлхийн их сургуулиудын цахим сургалтын талаар хийсэн судалгааг харахад цар тахал дууссаны дараа сургалтын үйл ажиллагаа зөвхөн танхимаар явагдахгүй гэдэг нь тодорхой бөгөөд цахим сургалтын давуу тал болон боломжуудыг илүү эрэлхийлж, нэвтрүүлж, цар тахлын дараа ч гэсэн сургалтын нэг хэсэг болгон хэрэглэх талаар дурдаж байна. МУИС-ийн хувьд ч өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн зөвхөн танхимын сургалт бус цахим, зайн хэлбэрээр зэргийн болон зэргийн бус сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд олон улсын хөдөлмөрийн зах зээл дээрх шалгууруудад тэнцэх мэргэжилтнийг бэлтгэх, төгсөгчдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг шинээр тодорхойлж сургалтын журам, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.

 

-Цахимаар сургалт орж байгаа учраас сургалтын төлбөрөө буцааж авна гэх оюутан байгаа юу. Ийм тохиолдолд та бүхэн хэрхэн хандаж байгаа вэ. Өнгөрсөн жилд ч их, дээд сургуулиуд оюутнуудтай төлбөрийн маргаантай байсан шүү дээ. Танай сургуулийн хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

 

-Юуны түрүүнд “Төлбөрөө буцааж авъя” гэсэн гомдол, хүсэлт бидэнд албан ёсоор ирээгүй. Цахим сүлжээнд цахим сургалтын төлбөрийг багасгая гэх агуулгатай сэтгэгдлүүд байдаг. Цахим сургалт бол өөрөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хэлбэрийн нэг. Цахим сургалтын төлбөр танхимын сургалтын төлбөрөөс бага байх ёстой гэсэн зүйл байхгүй. Харин бид оюутны төлсөн төлбөрт нийцэхүйц чанартай хичээл бэлтгэхийг багш нараасаа шаардаж байгааг хариуцлагатайгаар хэлье. Сургалт танхимд явагдаагүй гээд сургалтын дэд бүтэц ажиллаагүй гэж хэлж болохгүй. Цахим сургалтын үед сургалтын зардал хэмнэгдэхгүй, харин ч хүн хүчний зардал нэмэгдэж байгааг ойлгох хэрэгтэй. Багш, оюутантай ажиллах, багш танхимын хичээлд зориулан бэлтгэсэн хичээлийн материал цахим хэлбэрт шилжүүлэх гэх мэтчилэн цаг шаардсан олон ажил бий. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн энэ бол хэн нэгний сонголтын тухай асуудал биш. Хамтдаа цар тахлыг даван туулах сорилт гэдгийг бид ойлгох учиртай. Харин өнгөрсөн хичээлийн жилд цар тахлаас шалтгаалж оюутны дотуур байранд амьдраагүй хугацааны төлбөр болох 418 орчим сая төгрөгийг 1166 суралцагчид буцаан олгосон. Үүнээс 536 суралцагчийн 200 орчим сая төгрөгийг бэлнээр буюу тухайн суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн бол, 630 суралцагчийн 218 орчим сая төгрөгийг тухайн суралцагч үргэлжлүүлэн суралцах, оюутны байранд амьдрах хүсэлтээ өгсөн тул СиСи данс руу нь шилжүүлжээ. Ер нь МУИСийн сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөр, үйлчилгээний бусад хураамж, хамтарсан болон зэргийн бус сургалтын төлбөрийн хэмжээг МУИС-ийн Удирдах зөвлөл тогтоодог. Одоогоор 2018 онд Удирдах зөвлөлөөс баталсан сургалтын төлбөр, хураамжийг мөрдөн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хугацаанд сургалтын төлбөрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Цар тахлын хүнд цаг үед хичээлийн болон оюутны байрын ариутгал, халдваргүйтгэл, оюутны байрны суралцагсдад зарцуулсан зардал зэрэг нэмэлт зардал гарч байгааг та бүхэн мэдэж байгаа. Үүний зэрэгцээ бид 320 гаруй сая төгрөгөөр цахим сургалтад ашиглах серверийн хүчин чадлыг сайжрууллаа.

 

-Цахим хичээлд оюутнуудынхаа санал хүсэлтийг хэрхэн тусгаж байна вэ. Өнгөрсөн жилийн хувьд анх удаа цахим хичээл явуулсан учир нэлээд санал гомдол ирсэн байх. Энэ жил суралцагчдаас цахим хичээлтэй холбоотой ямар санал гомдол ирж байна вэ. Үүнийг нь шийдвэрлэж чадаж байна уу?

 

-Цахимаар хичээл орж байгаатай холбогдуулан бид суралцагч болон багш нараас улирал бүр судалгаа авч, түүний хүрээнд гарч буй санал, зөвлөмжүүдийг шийдвэрлэн ажиллаж байна. Ер нь нийт суралцагчдаас авсан санал асуулгаар цахим хичээл нь танхимын сургалттай ижил хэмжээнд мэдлэг, чадвар олгож байна уу гэсэн асуултад 81.8 хувь нь санал нийлж байгаа үр дүн гарсан.

 

 

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)