Г.Батзориг: Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бодлогын хүүгээр эмчилнэ гэж байхгүй

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Зэс, алт гэсэн хоёр түүхий эддээ төвлөрч валют олохоос өөр арга өнөөхөндөө алга-


-Ам.долларын ханш өссөөр байна. Импортлогчид хүссэн хэмжээгээрээ доллар олж авч чадахаа болилоо. Доллар тойрсон энэ зовлон ирэх саруудын инфляцид маш том сөрөг нөлөө үзүүлэх байх даа?

-Үүссэн нөхцөл байдлыг харахаар хэд хэдэн зүйл анзаарагдаж байна л даа. Нэгдүгээрт, бизнесийн сезон давхацлаа. Хоёрдугаарт, өвчний аялал жуулчлал гэсэн шалтгаан бий. Бизнесийн байгууллагуудын тайлан гарч байгаа учраас аудитлагдах шаардлага үүссэн. Тэр утгаараа гаднаас аудитын компаниудаас үйлчилгээ авч байна. Энэ мэтээр богино хугацаанд ам.долларын хэрэгцээ шаардлага үүсчихлээ л дээ. Үүнээс гадна нэг шалтгаан бий. Оросууд рубльдээ итгэхээ болиод ирэнгүүт мөнгөө найдвартай зүйл рүү хийх гэж янз бүрээр хөрвүүлж эхэлсэн. Үл хөдлөх хөрөнгө, машин авч байна. Доллараар солиулж байна. Доллар солиулах процессоо хөгжиж буй ойрын орнуудаас хийх үзэгдэл ажиглагдаад удлаа. Үүнээс гадна iPhone, Samsung гэх мэт гар утас Орост олдохоо больсон. Ийм шалтгаанаар манайхан тийшээ экспорт хийх гэх асуудал гарах боллоо. Тийшээ аваачиж зараад байхаар энд валютын хэрэгцээ үүсч таарна. iP­hone авахын тулд ам.доллар зарцуулах шаардлага гарах нь тодорхой. Энэ мэтчилэнгээр цаг үеийн нөхцөл байдал ч таарлаа. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал ч хэцүүхэн цаг давхацлаа. Өөрөөр хэлбэл, валютын орлого талдаа төдийлөн өсөөгүй байхад нийлүүлэлт талдаа асар их дарамт үүсээд ханш огцом савлалаа гэж харж байна. Монголбанкны тавьсан хязгаарлалтын тухайд өөрсдөө доллараа хэрэглэе гэсэн логик л доо. Валютын нөөцөө өөр зорилготой зүйлд ашиглаад дуусчихвал богино хугацаанд хэцүү гэж харсан хэрэг.

-Ам.доллар олж болох гарц шийдлүүд гэвэл юуг онцлох вэ?

-Цаашдаа доллар олж болох хэд хэдэн боломж байна. Эхний боломж нь алт. Алтны хувьд нүүрс, зэсийг бодвол маржин өндөртэй. Нүүрсээ тээвэрлээд гаргалаа гэхэд зардал нь маш өндөр. Олсонтойгоо ижил шахуу зарлага гаргаад явчихдаг. Алтанд тийм зовлон байхгүй. Овор хэмжээ багатай учраас онгоцоор ч юмуу, эсвэл төмөр замаар тээвэрлэхэд асуудалгүй. Урсгал зардал багатай учраас валютын орлого их орж ирдэг. Монгол Улсын валютын нөөцийн 20-30 хувийг алтнаас бүрдүүлдэг. Энэ хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Нүүрсний тухайд гарц нь нэлээд бага байгаа учраас зэсийн баяжмал дээрээ түлхүү анхаарах ёстой. Хятадаас чингэлэг тээвэр гээд стандарт гаргаад ирлээ. Энэ стандартын хувьд Орос, Хятадын хооронд зуучлаад явахад асуудалгүй. Оросоос Хятад руу чингэлэг тээвэр явахад ямар нэг асуудал байхгүй гэсэн үг. Гэтэл Монголын хувьд зэсийн баяжмал, нүүрсээ задгайгаар гаргадаг учраас урд хөршийн тавиад байгаа стандартад нийцэхгүй байгаа юм. Стандартад нийцэхгүй бол худалдааны гол транзит тээврээс хасна шүү гэдэг л анхааруулга. Төмөр замын тухайд Монгол, Оросын хувь эзэмшил тэнцүү. Тэр утгаараа магадгүй Оросын Хятад руу орж ирж байгаа барааны эзлэх хувь нь нэмэгдээд, манайх буурчих магадлал өндөр. Товчхондоо стандартыг нь хангаж чадахгүй яваа учраас нүүрсээ тээвэрлэхэд хэцүү байдал үүсчихээд байна л даа. Тийм учраас зэсийн баяжмал дээрээ түлхүү анхаарах ёстой гэж онцлоод байгаа юм. Зэс, алт гэсэн хоёр түүхий эддээ төвлөрч валют олохоос өөр арга өнөөхөндөө алга.

-Ноолуурын хувьд ямар боломж байна вэ?

-Ноолуурын тухайд жилд 250-300 сая ам.доллар олж ирдэг салбар л даа. Ноолуурын салбараа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Урд хөршийн ченжүүд манай ноолуурыг авах гэж наашаа мөнгө явуулах нь ойлгомжтой. Манайхан ноолуураа төмөр замаар ачаад урагш нь явуулна. Дараалал, дугаарт нь орох гэж өчнөөн мөнгө төлж байна. Төр засгийн зүгээс доллар олж ирдэг цөөхөн бүтээгдэхүүний нэг гэдэг утгаар нь ноолуурын тээвэрлэлт дээр онцгой анхаарах шаардлагатай.

-Доллар олох өөр ямар гарц байж болох вэ?

-Зах зээлийн жамаас жаахан гажууд нэг гарц бий. Энэ хэцүү цаг үед хэтэрхий их хөөс үүсгэж, хүлээлтэд хэт нөлөөлөөд байж болохгүй. Жишээ нь, гадуур хүмүүс “Доллар 4000 хүрэх юм биш үү” гэх мэтээр ямар ч судалгаа үндэслэлгүй цуу яриа үүсгээд байна л даа. Битгий тэгээч ээ гэж хүсмээр байна. Бид үндэсний үзэл гэж ярих дуртай ард түмэн. Яриад байдаг үндэсний үзэл маань ийм зүйл дээр гарч ирэх ёстой юм. Эцсийн эцэст бид улс үндэстнээрээ л хохирно. Аж ахуйн нэгжүүдийнх нь санхүүжилтийн өртөг нэмэгдэнэ. Иргэдийн худалдан авах чадвар буурна. Төгрөгийн ханш нь уначихсан, байшин барилга, машин гээд бүх юмны үнэ өссөн, иргэдийн ядуурлын түвшин бараг тавин хувь дөхөж яваа гэх мэт олон зовлон байна. Хөөс үүсгэж, цуу яриа үүсгээд байвал энэ байдал одоогийнхоос ч улам дордоно. Үндэсний үзлээ ам.доллар дээр гаргамаар байна. Доллар өснө гэсэн мэдээг дэвэргэж хөөргөхгүй байна гэдэг чинь өөрөө үндэсний үзэл. “Найман шарга” бол валютын зах зээлийн тав хүрэхгүй хувийг эзэлдэг. 95 орчим хувь нь банкуудад хамаатай. “Найман шарга”-ын ханшид итгэж хөөрч гүйхгүй байгаач ээ гэмээр байна. Салбараас нэг ченж очиж доллар аваад, тэрийгээ “Найман шарга” дээр очиж зарж яваа л процесс шүү дээ.

-Доллар зарцуулж авдаг гол бүтээгдэхүүн бол шатахуун. Шатахуун дээр доллараас болж асуудал үүсэх эрсдэл бий юү?

-Гарч буй урсгалын хувьд шатахуун энэ тэр дээр тодорхой хэмжээний гэрээ хэлцэл хийгээд шатахууны долларыг асуудалгүй явуулж байгаа. Тийм учраас шатахууны нийлүүлэлтэд элдэв эрсдэл байхгүй гэж харж байна.

-Долларын хувьд банкуудын гүйлгээний хязгаарлалтыг нэмэхгүй бол асуудал хурцдахаар л харагдаад байна?

-Санал нэг байна. Монголбанкны бодлогын хүү өсгөсөн шийдэл улс төрийн нөлөөгөөр гарчихлаа гэж харагдаад байна. Инфляцийн гол шалтгаан ерөөсөө л гааль дээр үүссэн асуудлаас үүдсэн. Барааны нийлүүлэлт зогссон, ложистик дээр асуудал үүссэн, шүлхий гарсан гэх мэт шалтгаан л бий. Өнөөдөр бодлогын хүүг өсгөлөө гээд шүлхий буурахгүй. Өөрөөр хэлбэл, инфляцийг онилж чадахгүй байна. Нийт хадгаламж эзэмшигчийн нэг орчим хувь нь нийт хадгаламжийн дүнгийн тэн хагасыг эзэлдэг. Тэгэхээр маш цөөхөн хүний хадгаламжийн орлого нэмэгдэх нь гэсэн зураг тодорч байгаа биз. Хадгаламжийн эх үүсвэр ингээд нэмэгдчихээр банкууд зээлийн хүүгээ өсгөх нь тодорхой. Зээлийн хүү өсчихөөр бизнесээ хийж ядаж яваа бизнес эрхлэгчдэд зээлийн хүүгийн асар өндөр дарамт ирж таарна. Товчхондоо бодлогын хүү өссөнөөр ийм асуудал үүсэхээс биш инфляцийг шийднэ гэж байхгүй. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бодлогын хүүгээр эмчилнэ гэдэг маш буруу шийдэл. Гүйлгээний хязгаарлалтыг богино хугацаанд хийх болов уу. Урт хугацаанд үргэлжилбэл төгрөгт итгэх итгэл буурна.

-Богино хугацаанд гэдэг нь?

-Богино хугацаанд гэдгийг нэг, хоёр сар гэж харж байна.

-Ямар шалтгаанаар?

-Удахгүй ноолуурын мөнгө ороод ирнэ. “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Алтны төслүүдээ дэмжээд өгвөл нүүрснээс илүү доллар олж ирэх салбар. Ноолуурын мөнгө цуваад ороод ирнэ. Энэ мэтээр валютын орлого нэмэгдээд ирэхээр хязгаарлалтаа зогсоох байх.

-Төв банкны тансаг хэрэглээг танах гэдэг санааны тухайд дэмжмээр шийдэл шиг санагдсан...?

-Үүн дээр үндэсний үзэл гэдэг жинхэнэ утгаараа гарч ирэх ёстой л доо. Тансаг хэрэглээний тухайд хувь хүний л итгэл үнэмшлийн асуудал. Зах зээлийн нийгэм талаасаа бол тансаг хэрэглээгээ тана гэж шаардах нь буруу. Гэхдээ ийм хүнд цагт тэвчиж болох зардлаа хэмнэмээр байгаа юм. Ланд-300 авахаар төлөвлөсөн бол ирэх жил авъя гэж хойшлуулахад болохгүй юмгүй. Хувь хүний иймэрхүү санаачилгууд амин хэрэгцээтэй цаг ирчихээд байна л даа.

-Монголбанкны хувьд бодлогын хүү дээр ямар шийдэл гаргах ёстой гэж харж байна вэ?

-Бодлогын хүүг өсгөөгүй бол илүү дээр шийдэл болох байсан.

-Хил гааль дээр хэлэх шийдэл гарц байна уу?

-Гурваас зургаан сарын хугацаанд ногоон бүс байгуулчих хэрэгтэй. Тэнд байгаа жолооч нарын 50 хувийг нь сонгож, вакумжуулсан орчинд ажиллуулж экспортоо чөлөөтэй хиймээр байгаа юм. Инфляци дээр нэг шийдэл хэлмээр байна. Махан дээр тусгай хөтөлбөр зарлаад нөөцийн махыг нэмэгдүүлж болно. Ингэж байж махны үнийн өсөлтийг барина. Санаа шулуудаад хийвэл энэ мэт биднээс шалтгаалсан шийдлүүд байна л даа.

-Хойд хөршийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Хойд хөршийн нөхцөл байдалтай холбоотойгоор бидний онцгой анхаарал асуудал гэвэл юу байна?

-Оросын нөхцөл байдал хүндрээд байна л даа. Цианит дээр хориг тавьчихлаа. Цианит бол алтыг гаргаж авдаг гол зүйл. Уул уурхайн салбарт гэхэд л тэсэлгээний материал хомсдож мэдэхээр нөхцөлд байгаа. Тэсэлгээний материал зогслоо л бол уул уурхайн салбарт асуудал үүснэ. Энэ мэт Оросоос орж ирдэг бүтээгдэхүүнүүд дээр тасалдал үүсэх эрсдэл бий. Үүнээс гадна вагоны зүтгүүр, үр тариа байна. Бид гаднаас үр тариа оруулж ирж хөрсөндөө суулгаад ургуулдаг. Энэ мэт том асуудлууд үүсч эхлэх гээд байна л даа. Тэгэхээр аль болох хурдан хугацаанд шийдэл олж, цаг алдалгүй хөдлөх хэрэгтэй. Түүнээс биш Эрдэнэтэд очиж Шинэ сэргэлтийн бодлого яриад нэмэргүй. Тийм чухал асуудал биш. Төмөр зам явахаараа явна л биз. Тэрэн дээр очиж улс төр хийх ямар ч шаардлагагүй.

-Эдийн засгийн байдал, гадаад нөхцөлөөс шалтгаалсан хямрал арай гэж өндийж, бүрэлдэж эхэлж байсан дундаж давхаргыг үгүй хийж эхэлж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Шуудхан хэлэхэд, дундаж давхарга зулгаагдаад дууслаа л даа. Инфляци, валютын ханш, татварт идүүлж байна. Өнөөдөр инфляци 14 хувьтай гэж ярьж байгаа ч бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 30 орчим хувиар өсчихсөн. Импортын барааны үнийн өсөлт 15-200 хувь болтол өссөн зурагтай яваа. Импортлогчид вагоны тээвэр дээр дарааллаа ахиулах гэж өчнөөн мөнгө зарцуулж байгаа нь нэгэнт ил болсон бодитой үнэн.

Газар дээр нь ажиллаж яваа гаалийн ажилтнууд эхнээсээ тэрбумтан болж, АТГ-т шалгуулаад явж байгаа ийм нөхцөлд Засгийн газрын зүгээс яг тэр процесст л анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

 

Ц.Баасансүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)