Пиротехникийн хэрэгсэлд гэмтсэн иргэний эрхтнийг тайрахаас өөр арга байхгүй
- 6 цаг 38 мин
- Эрүүл мэнд
- 0

Шинэ жилийн уур амьсгал орж, аж ахуй нэгж, албан байгууллагын баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдэж архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар осгож гар хөлөө хөлдөөсөн, халтирч унаж бэртэж, гэмтсэн иргэд их ирж байгаа ажээ. Тодруулбал, энэ сарын 17-нд буюу ганцхан өдрийн дотор Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр 42 хүн яаралтай тусламж үйлчилгээ авс ан байна.
2024 онд осгосон 115, хөлдсөн 529 хүн эмнэлгийн тусламж авч байжээ.
Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ихэвчлэн гавал, тархины гэмтэл авдаг байна. Учир нь согтуу хүн савж унах үед өөрийгөө хянах чадваргүй байдаг тул илүү гэмтдэг аж. Өөрийгөө хянах чадваргүй учраас шууд гэртээ харьчихдаг, маргааш нь бүр хүндрээд эмнэлэгт очих тохиолдлууд гардаг байна. Энэ нь эмнэлзүйн хувьд хүндрэх эрсдэлтэйг эмч нар анхааруулж байгаа юм.
Хүний биеийн температур 36, 37 градус. 32-35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдана. 28-32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхөрч, зүрх судасны үйл ажиллагаа алдагдана. 28 хэмээс доош ороход хүний аминд халтай. Осголт гэдэг нь бүтэн бие даарч хөрөөд дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ.
Согтуу хүн гадаа -20 хэмд 20 минут байхад хөлдөх эрсдэлтэй гэнэ.
Хөлдөлт нь удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчний төгсгөл хэсэг, чих, хамар зэрэг хатуу болж хөлдөнө гэсэн үг. Хөлдөлтийн дөрвөн зэрэгтэй. Хөлдөлтийн нэгдүгээр зэрэг нь цайж хүйт оргиод хорсож чинэрдэг. Хоёрдугаар зэрэг хавдаж улайгаад, мэдээ алдаж цэврүү үүснэ. Гуравдугаар зэрэг мөн л цайж цэврүүтээд, цэврүүний дор хөхөлбийтөж улаан хүрэн болоод ихээр хавдаж чинэрч өвдөнө.
Дөрөвдүгээр зэрэг бол хөлдөөсөн мах шиг тогшиход дуугарч хатуу болж хөлддөг. Эмчилгээний зарчим нь тухайн хэсэг газарт бүлээцүүлэх, цэврүүтэж шарх үүсвэл шархыг нь боож эргэж сэргэхийг нь хүлээгээд үхэжсэн эдийг тайрч авах мэс засал хийдэг байна.
Хэдхэн жилийн өмнө байгууллагынхаа шилдэг ажилтан болсон залуу осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Тэрээр амьдардаг байрныхаа гадаа орцондоо орж чадалгүй амиа алдсан байсан бөгөөд ажлынхаа оны шилдэг ажилтнаар шалгарсан өргөмжлөл хажууханд нь хэвтэж байсан гэдэг. Тиймээс албан байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулав.
Мөн баярын өдрүүдэд иргэд пиротехникийн хэрэгсэл ашигладаг. Ингэхдээ пиротехникийн хэрэгслийг буруу хэрэглэснээр тухайн хүний бие, эрхтэн гэмтэж улмаар эргэж сэргэхээргүй хохирол учирдаг байна.
Тодруулбал, мэргэжлийн эмчийн хэлснээр пиротехникийн хэрэгсэлд гэмтсэн гэмтэл хүнд гэмтэлд ордог бөгөөд тухайн гэмтсэн эрхтнийг тайрч тахир дутуу болох цаашлаад амь нас эрсдэх эрсдэлэй гэдгийг хэлж байгаа юм.
Тиймээс албан байгууллагууд салют ашиглах гэж байгаа бол мэргэжлийн хүнээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)