Засгийн газраас говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
- 2025-05-12
- Үнэн
- 0

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа. Говийн бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж шинээр тодорхойлж, “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, иргэд, эрдэмтэн, судлаачид ярилцаж, шийдлээ тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн хүн рүү чиглэж, уул уурхайгаас төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа говийн бүс нутгийн иргэдийн амьдралын чанарт байгалийн баялгийн үр өгөөж шууд нөлөөлөх ёстой. Ялангуяа, баялгийн сангийн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгах, аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхийн төлөө онцгой анхаарч байгааг Засгийн газрын гишүүд онцоллоо.

Сэтгэгдэл (0)